Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт өчигдөр (2020.09.20) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод байрлах Мохеган Сан казинод ээлжит тулаанаа Барбадос улсын боксчин Кобиа Брийдигийн эсрэг хийсэн билээ. Тулаан нийт 12 үе үргэлжилж, шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулахад Н.Төгсцогт 111-115, 114-112, 114-113 гэсэн харьцаатайгаар ялалт байгуулсан.
Өдгөө 28 настай МУГТ, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт ийнхүү мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийн 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо.
Энэхүү тулаанд ялсан Н.Төгсцогт WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гари Рассел Жуниортой тулалдах болсон юм. Хоёр тулаанч өмнө нь өнгөрөгч хоёрдугаар сард тулалдахад Гари Рассел Жуниор шүүгчдийн шийдвэрээр ялж, аваргын бүсээ хамгаалсан юм.
Н.Төгсцогт Кобиа Брийдитэй хийсэн тулааныхаа өмнө “Гари Рассел Жуниортой хийх тулааны өмнө би шагайдаа гэмтэл авсан байсан. Бэлтгэл дээрээ тогтмол гүйдэг байснаасаа хамаагүй бага гүйж байсан. Би тэр тулаанд хөлийн хөдөлгөөнөө ашиглаж чадаагүй ээ. Зүгээр л цээж, толгойгоо хөдөлгөж байлаа. Тэр шөнө минийх байгаагүй. Харин одоо би илүү сайжирсан. Хэрэв Гари Рассел Жуниор хүсвэл би түүнтэй дахин тулалдмаар байна. Би түүнтэй дахин тулалдахдаа дуртай байх болно.
Би Брийдигийн хэд хэдэн тулааныг үзсэн. Тэр бол сайн, хүчтэй өрсөлдөгч. Ирэх Бямба гаригийн орой юу болохыг харцгаая. Миний сэтгэл зүй, бие махбод тулаанд бэлэн байна. Би найман долоо хоног шаргуу бэлтгэл хийсэн. Ирэх Бямба гаригийн орой үзүүлээд өгөх болно. Намайг хараарай” хэмээн ярьж байжээ.
Харин Кобиа Брийдиг ялсныхаа дараа хэвлэлийн хурлын үеэр “Кобиа Брийди бол сайн тулаанч, сайн өрсөлдөгч. Хүнд тулаан болж өнгөрлөө. Кобиа Брийдиг үнэхээр хүндэлж байна. Би дараагийн алхмаа хийхэд бэлэн. Шүүгчдийн шийдвэрийг зарлахад сандраагүй ээ. Ойрхон тулаан болно гэдгийг мэдэж байсан. Харин түүнийг нэг шүүгчийн санал авахад гайхсан шүү. Уг нь түүнийг хүнд цохилтоор ялна гэж бодож байсан юм. Гэхдээ зүгээрээ шүүгчдийн саналаар яллаа” гэв.
Н.Төгсцогтын өрсөлдөгч Кобиа Брийди тулааны өмнөх хэвлэлийн хурлын үеэр “Н.Төгсцогт бол олимпийн мөнгөн медальтай, сайн тулаанч. Тэр үргэлж сайн тулаанчидтай тулалдаж байсан ч хэзээ ч цэрэгтэй тулалдаж байгаагүй. Энэ тулаан түүх болж үлдэнэ. Манай улсын иргэдэд болон засгийн газарт маань сайнаар тусах болно. Би хэзээ ч дарамтад орж үзээгүй ээ. Юу хийхээ би сайн мэдэж байна. Би үүнийг Барбадос улсынхаа ард иргэдийн төлөө хийнэ. Ирэх есдүгээр сарын 19-нд хүмүүс Коби Брийди гэж хэн болохыг мэднэ. Би хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд, аварга болохын тулд Барбадосыг орхин энд ирсэн” хэмээжээ.
Кобиа Брийди мэргэжлийн боксын рингэнээ 15 тулаан хийн бүгдэд нь ялаад байсан боловч өчигдөр Н.Төгсцогтод ялагдан, мэргэжлийн боксын анхны ялагдлаа амссан.
Гари Рассел Жуниор болон Н.Төгсцогт нарын хоёрдахь тулааны тов удахгүй зарлагдах болно. Гари Рассел Жуниор Н.Төгсцогтын талаар “Тэр миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Хэрэв Н.Төгсцогт цаашдаа энэ хэвээрээ хичээгээд байвал удахгүй ЖоЖо Диаз шиг дэлхийн аварга болно” гэж ярьж байжээ.