Улс төр
Намрын чуулганаар хэлэлцэх ЧУХАЛ ТАВАН хуулийн төсөл
УИХ-ын намрын чуулган 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн Пүрэв гарагт буюу өнөөдөр эхэлж байна.
Энэ өдөр чуулганы нээлтийн дараа УИХ-д бүлэгтэй намууд болох МАН, АН-ын бүлгийн хурал болж, үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хурлууд тус тус болох юм.
Харин чуулганы нэгдсэн хуралдаан Баасан гараг буюу аравдугаар сарын 2-ны өдөр болно.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхний өдөр хэлэлцэх асуудлын талаар товч мэдээлэл өгвөл:
Чуулганы нэгдсэн хуралдааны эхний өдөр Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, УИХ чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын шадар сайд Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл хийх аж.
Харин одоо, энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс чухал таван хуулийн төслийг онцлон, тэдгээрийн тухай товч агуулга, танилцуулгыг хүргэе.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ:
Одоогийн Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь энэ хуулийн хамрах хүрээг явцуу болгож байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил олгогчтой ажлын буюу хөдөлмөрийн харилцаанд орж буй иргэд хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу “хамгаалалт” эдэлж чаддаггүй нь Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулж буй нэг шалтгаан аж.
Хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссоор буюу анхан шатанд нь шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж тус хуулийн төслийн “үзэл баримтлал” – д тусгажээ. Түүнчлэн цаг үеийн шаардлагаар бий болж буй бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын гэрээгээр ажиллах /туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан гэх мэт/ зэрэг харьцангуй “шинэ” төрөл, хэлбэрийн харилцаануудыг зохицуулах агуулгыг багтаасан байна.
НӨХӨН ҮРЖИХҮЙГ ДЭМЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Энэ хуулийн зорилго нь “нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор үргүйдлийг эмчлэх, орчин үеийн нөхөн үржихүйд туслах аргыг ашиглах, хязгаарлах, хориглох, тухайн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэжээ.
Мөн хуулийн үзэл баримтлалд тусгаснаар “нийт үргүйдэлтэй хосын дунд эмэгтэйчүүдийн 34,8 хувь, эрэгтэйчүүдийн 55,6 хувь нь ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй буюу шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй” гэсэн судалгаа гарчээ..
Эдгээр болон бусад шалтгааны улмаас энэ хуулийн төсөлд “тээгч эх”, “бэлгийн эсийн донор” зэрэг асуудлыг хуульчлахаар төсөллөсөн байна. Тухайлбал:
3.1.11.“бэлгийн эсийн донор” гэж ирээдүйд төрөх хүүхдийн өмнө эцэг эхийн үүрэг хариуцлагыг хүлээхгүйгээр бусад хүмүүст үргүйдлийг даван туулахад нь туслах зорилгоор өөрийн бэлгийн эсийг /үрийн шингэн, өндгөн эс/ сайн дураараа өгч байгаа хувь хүнийг;
3.1.12.”тээгч эх” гэж гэрээгээр бусдын хүүхдийг тээж төрүүлж өгч буй эмэгтэйг;
Тухайлбал үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйд туслах аргуудыг зохицуулах, эцэг, эх хүүхдээ тээлгэн төрүүлэх харилцаанд хэрхэн оролцох, тээгч эх гэж хэн байх, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг хуульчлах шаардлагыг харгалзан энэ хуулийн төслийг боловсруулсан байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ:
2002 онд батлагдсан энэ хууль 2003 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авсан байна.
Уг төслийн үзэл баримтлалд тусгаснаар 2017 онд хийсэн бөгөөд уг тандан судалгааны үнэлгээгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгажээ.
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ:
2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч хүн амын насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтай өсөж байгаа аж.
Тухайлбал, тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч болсон тухай статистикийг энэ хуулийн төслийн үзэл баримтлалд тусгажээ. Өөрөөр хэлбэл, өндөр насны тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсөж байна гэсэн үг. Энэ нь энэ хуулийг санаачлах “практик шаардлага”-уудын нэг болжээ.
Түүнчлэн, манай улсад хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэн байгуулан энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд олноор бий болох болсон. Гэсэн хэдий ч хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчин байхгүй нь тус “сангуудад” мөнгөө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх эрсдэл байгаа нь мөн энэ хуулийг санаачлах “практик шаардлага” болсон байна.
Энэ хуулийн төсөлд ажилтан, ажил олгогч тус бүр хоёр, хоёр хувийг буюу нийт дөрвөн хувийг тухайн ажилтны буюу даатгуулагчийн сонгосон хувийн тэтгэврийн санд төлж болох юм байна.
Энэ нь мэдээж Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулсан ажилтны албан журмаар төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээнээс хасуулж тооцох дүн юм.
Даатгуулагч нь сайн дурын гэрээний үндсэн дээр хувийн тэтгэврийн сангийн даатгалд хамрагдах бөгөөд энэ хуулийн төслөөр хувийн тэтгэврийн байгууллагыг хэрхэн солих, тэтгэврийн гэрээ хэрхэн байгуулах зэрэг ач холбогдол бүхий бусад заалтуудыг тусгажээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ:
Хуулийг шинэчлэн найруулна гэдэгт тус хуулийн заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөх, өөрчлөлт орсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдах, эсхүл тухайн нийгмийн харилцааны агуулгад ихээхэн өөрчлөлт гарсны улмаас хуулийг шинэчилж буйг хэлнэ.
Харин саяхан буюу 2015 онд баталсан, өнөөдрийг хүртэл зарим иргэд, аж ахуй нэгж, төрийн байгууллагууд нэг мөр ойлгоход хүндрэлтэй олон зохицуулалтыг агуулж байгаа Зөрчлийн тухай хуулийг энэ удаагийн чуулганаар шинэчлэн найруулахаар хэлэлцэх юм байна.
Ийнхүү шинэчлэн найруулах гэж буй үндэслэлээ зөрчлүүдийг тодорхой болгох, хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагыг оновчтой болгох, зарим зөрчлийн урьдчилан авах арга хэмжээ болгон сануулах арга хэмжээ авах, хугацаандаа торгууль, шийтгэлээ төлбөл дүнг нь 50% бууруулах зэрэг үндсэн өөрчлөлтүүд хийх аж. Түүнчлэн, өмнө нь “жижиг гэмт хэрэг” гэгддэг байж байгаад 2015 онд зөрчил болон хуульчлагдсан үйлдлүүдийг буцааж эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон оруулах юм байна