Улс төр
ОХУ-ын Засгийн газраас Монголд олгож буй тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлнэ
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог 50-аар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр Оросын талаас манайд жил бүр олгож буй тэтгэлгийн тоо 550 болох юм.
Энэхүү шийдвэрийг Монгол, Оросын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XIV хуралдаанаар танилцууллаа. Нэмэлтээр олгож буй 50 тэтгэлгээр газрын тос, байгалийн хийн салбарт ажиллах боловсон хүчнийг суралцуулах хүсэлт манай талаас Оросын холбогдох байгууллагад өгсөн байна.
Монголын тал ирэх хичээлийн жилээс ОХУ-ын Тува, Халимаг, Буриад Улсын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, бичгийн хичээлийг заах 3-6 багшийг илгээх санаачилга дэвшүүлжээ.
Түүнчлэн, ОХУ-ын Новосибирскийн улсын техникийн их сургуулийн Нийгмийн технологи, нөхөн сэргээх хүрээлэн болон Оросын Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр тэгш хамруулан суралцуулах боловсролын чиглэлээр 2 удаагийн сургалт болон олон улсын дохионы хэлмэрч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар тогтож, сургалтыг зохион байгуулах хэлбэр, хугацааг ажлын шугамаар тохирохоор болов.
Тус хуралдаанд Оросын талаас Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам, Москвагийн улсын хэл шинжлэлийн их сургуулийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын их сургуулийн төлөөлөл оролцлоо.