Нийгэм
“Иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгууллаа
Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг ашиглалтад орууллаа. Уг танхимд гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, хууль тогтоомж бодлого хөтөлбөрийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулах юм.
Сургалтын танхимд Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэдэд эрүүл мэндийн анхны тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Эрүүл мэндийн танхим” болон “Мазаалай студи”-ийн буланг мөн байрлуулаад байна.
Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн танхимыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө болон ОБЕГ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлж, тохижилтын ажлыг алба хаагчид дотоод нөөц бололцоог ашиглан тохижууллаа.
Орон нутгийн нийт хүн амын 10 хувь буюу 4700 хүнийг энэ онд гамшгаас хамгаалах ангиллын сургалтад хамруулахаар зорилт тавьсан бөгөөд сургалтын төвийг ашиглалтад оруулснаар энэ тоог 5 дахин буюу нийт хүн амын 50 хувийг сургалтад хамруулах боломж бүрдээд байна.
Тус танхимаар иргэд, олон нийтэд “Амар мэндийн анхны алхам”, “Аюулгүй амьдрах ухаан”, “Бэлэн бай”, “Говийн баавгай”, “Өрхийн бэлэн байдал” сургалтын багцуудыг ашиглан сургалт арга хэмжээнд хамруулан, нас сэтгэхүйн онцлогт тохируулан үлгэрчилсэн, жүжигчилсэн хэлбэрээр гамшгаас хамгаалах мэдлэг ойлголтыг хүргэн ажиллана гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.