Улс төр
ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулиас ч чухал
Энэ өдөр иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэх өдөр. Орон нутгийн эрх мэдлээ хэнд атгуулах вэ гэдгээ шийдвэрлэх иргэдийн сонгох өдөр. Бас нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллах 8169 иргэний сонгогдох эрхийн өдөр. Сонгох, сонгогдох эрхээ өвөртөлсөн 2.1 сая иргэн өнөөдөр 07.00 цагаас саналаа өгч эхлэв. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагаас орон даяар эхэлсэн бөгөөд 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулиас ч чухал
ИТХ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан, санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэдтэй хамгийн ойр ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүмүүс нь ИТХ-ын төлөөлөгчид.
Нийслэл, дүүрэг, аймаг, сумыг хөгжих үү, эс хөгжих үү гэдгийг шийдвэрлэдэг байгууллага нь ИТХ. Энэ утгаараа орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулиас ч илүү ач холбогдол өгч оролцох учиртай.
Дараа онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн удиртгал гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн ч орон нутгийн сонгуульд өндөр ач холбогдол өгч буй. Сонгууль дөхсөн өдрүүдэд УИХ хуралдахгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хүртэл орон нутагт томилолтоор ажиллаж байгаагийн цаад учир нь намын амжилт гэхээс илүүтэй дараагийн Ерөнхийлөгчийн хувь заяаг шийдэх нутгийн удирдлагад өөрийн намын хүнийг сонгуулах санаа. Харин орон нутгийн эрх мэдлийг хэнд атгуулахыг иргэд өнөөдөр шийднэ.
ИТХ-д 8169 хүн сонгоно
Аймаг, нийслэлийн ИТХ-ын мандатын тоо 816, сум, дүүргийнх 7353 байна. Улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байгаа юм. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд зургаан нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Харин улсын дүнгээр хоёр сая 140 мянга 958 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Үүнээс орон нутгийн хэмжээнд үндсэн сонгогч нэг сая 100 мянга 556 үүн дээр түр хасах тэмдэглэгээтэй 36 мянга 156 нийт нэг сая 113 мянга 702 сонгогч байна. Харин нийслэлийн хэмжээнд 914 мянга 208 үндсэн сонгогч үүн дээр түр хасах тэмдэглэгээтэй 90 мянга 48 нийтдээ нэг сая дөрвөн мянга 256 сонгогч бүртгэгджээ. Улсын хэмжээнд нийт 2148 хэсгийн хороонд санал авч байна.
Хоёр ИТХ-ын сонгуульд санал өгнө
Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь нэг хүн аймаг, сумын ИТХ, нийслэл, дүүргийн ИТХ-д давхар нэр дэвшиж болж байгаа. Өмнө нь байсан энэ зохицуулалтыг дахин сэргээж хуульчилсан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, нэг нэр дэвшигч сумын болон аймгийн, дүүргийн болон нийслэлийн ИТХ-д зэрэг сонгогдох боломжтой гэсэн үг.
Харин сонгогчдын хувьд оршин суугаа газраасаа хамааран аймаг, сум болон нийслэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө давхар сонгох юм. Саналын хуудсын дээр аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид, доор нь сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг нам, эвсэл, бие даагчаар ангилан хэвлэсэн юм.
Саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүгээрэй
ИТХ-ын сонгуулийн нийт зардал 16.5 тэрбум төгрөгт багтах бөгөөд цар тахалтай холбоотойгоор халдваргүйжилт, ариутгалд 483 сая төгрөг нэмж гаргахаар болсон байна. Учир нь, ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгууль шиг цар тахлаас урьдчилсан сэргийлэх хамгаалалтын дор болох бөгөөд Засгийн газраас сонгуулиар мөрдөх түр журам гаргасан.
Журамд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна. Тухайлбал,
- санал авах байранд орох, гарах үед бөөгнөрөл үүсгэхгүй байх,
- сонгогчдын хоорондын зайг 1.5 метр байлгах,
- сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүхэн амны хаалт зүүж, бээлий өмсөх,
- санал авахын өмнө болон дараа сонгогчийн гарын халдваргүйжүүлэх зэрэг олон зүйлийг нарийвчлан зүйлчилжээ.
Засгийн газрын тогтоолоор баталсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм.