Дэлхий
Вена хотод террорист халдлага гарч нэг хүн амиа алдан, 15 хүн шархджээ
Австри улсын нийслэл Вена хотын төвд галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэний улмаас нэг хүн амиа алдаж, 15 хүн шархджээ.
Цагдаагийнхан өргөн хэмжээний мөрдлөг явуулж, иргэдийг олон нийтийн газраар явахгүй байхыг сануулсан байна. Одоогоор халдлага үйлдсэн этгээдүүдийг олоогүй байна.
Орон нутгийн цагаар үдшийн 20 цагийн орчимд эхний буун дуу Шведенплатц талбайд гарсан талаар гэрчүүд мэдээлжээ. Улмаар цагдаагийнхан зургаан өөр газар винтов буутай этгээдүүд үзэгдсэн тухай мэдээлэл авсан байна. Халдлага үйлдсэн нэг хүн цагдаад буудуулсан гэх мэдээлэл гарчээ. Мөн хэд хэдэн хүн шархдсан бөгөөд тэдгээр дунд нэг цагдаа байгаа аж.
Австрийн канцлер Себастьян Курц
Австрийн канцлер Себастьян Курц болсон үйл явдлыг “жигшүүрт террорист халдлага” хэмээн нэрлэжээ.
Тэрбээр цэргийн хүч нийслэлийн зарим объектуудыг хамгаалалтад авч, харин цагдаагийнхан террорист халдлагын эсрэг үйл ажиллагаандаа төвлөрч ажиллана гэв.
Вена хотын түргэн тусламжийн төвөөс нэг хүн нас барсан талаар мэдээлсэн ба одоогоор тухайн хүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Урьдчилсан байдлаар халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг гэж үзэж буй.
Нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгээс хүмүүс гүйлдэж байгаа нь харагдах ба буун дуу сонсогдох аж.
“Бид салют буудаж байгаа мэт чимээ сонссон. 20, 30 удаа ийм чимээ гарсны дараа үнэхээр буун дуу болохыг ойлгосон. Бидний сууж байсан зоогийн газрын ойролцоо цагдаагийн албан хаагч явж байхыг харсан. Бас түргэн тусламжийнхан ирж байсан. Гудамжинд нэг хүний цогцос байсан” хэмээн болсон үйл явдлын талаар зоогийн газарт сууж байсан нэгэн гэрч ярьжээ.
Ташрамд дурдахад, Австрит арваннэгдүгээр сарын 3-наас тус улсад оройн 20:00 цагаас өглөөний 06:00 хүртэл коронавирусийн тархалтыг зогсоох зорилготойгоор хөл хорио тогтоохоор болсон юм.
Эх сурвалж: ВВС