Нийгэм
АНУ-ын ЭСЯ: Монголын улс төрийн нөлөө их байдаг уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэй
АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд шинжилгээ хийж тайлан гаргаад байна. Үүнээс цар тахлын нөлөө болон Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ анхаарал татаж байна.
Мөн Монголын улс төрийн нөлөө их байдаг уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь илүү эрсдэл өндөртэйг тодотгожээ. Цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 39 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбар хамгийн их хохирсон юм. Хэдийгээр оны хоёрдугаар хагаст “V” хэлбэрийн сэргэлт гарахаар байгаа ч жилийн дүнгээрээ агших төлөвтэй байна. Хэдий тийм боловч уул уурхай, хөдөө аж ахуйн салбар тогтвортой байгаа учир бусад ижил орнуудтай харьцуулахад хохирол багатайгаар цар тахлыг даван туулах боломжтой гэж АНУ-ын Элчин сайдын яамны тайланд дурджээ.
“COVID-19”-өөс сэргийлж гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглож, зорчигч тээврийн нислэгүүдийг зогсоогоод байгаа нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад төвөгтэй болгож байна гэж дээрх тайланд мөн дурджээ.
“COVID-19”-өөс сэргийлж гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглож, зорчигч тээврийн нислэгүүдийг зогсоогоод байгаа нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад төвөгтэй болгож байна гэж дээрх тайланд мөн дурджээ.
Үүнээс гадна Олон Улсын Валютын Сантай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж, энэ оны тавдугаар сард дуусгавар болгосон юм. Энэ дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн ачаар Монгол Улсын эдийн засаг дахь эмзэг байдлыг бууруулсан хэдий ч хөтөлбөрийг амжилттай дуусгаж чадаагүй гэж АНУ-ын Элчин сайдын яамны шинжилгээнд дүгнэсэн байна. Учир нь банкны салбартай холбоотой анхааруулгыг Засгийн газар шийдвэрлэж чадаагүй гэжээ.
Монголын шүүхийн систем нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах байр байдалтай болж байгаа ч 2019 оны шинэчлэлээр шүүгч, прокурор, авлигатай тэмцэх газрын ажилтнуудыг өөрчлөх процессыг хялбаршуулсан нь шүүхийн бие даасан байдлыг хангаж чадах эсэхэд асуулт дагуулж байна. 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Парламент Үндсэн хуулийн шинэчлэлээрээ энэ асуудлыг тусгаж өгсөн юм. Үүнээс гадна бизнесийн маргааныг шийдвэрлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд хугацаа их авдаг нь гол эрсдэлүүдийн нэг гэж дүгнэжээ.