Дэлхий
Хятадын засгийн газар Ant Group-ийн IPO гаргах төлөвлөгөөг зогсоожээ
Жэк Магийн үүсгэн байгуулсан Алибаба группын дижитал санхүүгийн компани болох Ant Group энэ долоо хоногт хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалж эхлэхээр бэлдэж байсан билээ.
Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол Шанхай, Хонг Конгийн хөрөнгийн биржүүдээс нийт $37 тэрбумыг босгож, дэлхийн түүхэнд бичигдсэн хамгийн том IPO (Initial Public Offering) ажиллагаа болох байв.
Хятадын засгийн газрын санхүүгийн зохицуулах байгууллагын төлөөлөгчид Даваа гарагт Ant Group-ийн удирдлагуудтай уулзсаны дараа төлөвлөж байсан ажлыг нь зогсоожээ.
Шанхайн хөрөнгийн бирж дээрх уулзалтын дараа Ant Group-ийн IPO-г зогсоох болсноо тайлбарласан байна. Пүрэв гарагт эхлэх байсан тус компанийн IPO-г Хонг Конгийн бирж бас зогсоожээ.
Ant Group-ийг санхүүгийн компани биш, технологийн компани гэж харах ёстой хэмээн Жэк Ма ярьдаг. Харин Хятадын засгийн газар санхүүгийн компани гэж үзээд илүү өндөр шалгуур тавихаар болсон бололтой.
Ant Group нь гар утасны төлбөр тооцооны үйлчилгээ, онлайн зээлийн үйлчилгээ эрхлэн явуулдаг.
“Коммунист нам хэн нь босс болохыг харууллаа. Жэк Ма хамгийн баян хүн байж болох ч энэ нь тэдний хувьд юу ч биш юм. Зууны хамгийн том IPO болох байсан үйл явдал зууны хамгийн том шок боллоо” гэж GEO Secutiries үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Фрэнсис Лүн хэвлэлд ярьжээ.
Ant Group төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд засгийн газар болон биржүүдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгөх шаардлагатай болж байгаа гэнэ. Хэрвээ ингэвэл нэлээд хугацаа шаардагдахыг мэргэжилтнүүд хэлж байна.
Өнгөрсөн сард Хятадын санхүүгийн зохицуулах байгууллагын төлөөлөгчид оролцсон нэгэн арга хэмжээнд үг хэлэхдээ Жэк Ма засгийн газрын хууль хяналтын систем инновацийг хязгаарлаж байгаа тухай шүүмжилж байжээ. Тэрбээр энэ үеэр дэлхийн банк, санхүүгийн зохицуулах байгууллагуудыг “хөгшчүүдийн клуб” гэж хочилж байсан гэнэ.
Ant Group-ийн хувьцааг худалдаж авахаар Хятад, Хонг Конгийн хөрөнгө оруулагчид нийт $3 их наядын захиалга хийгээд байсан нь цуцлагдаж байна. Энэ нь Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.
Эх сурвалж: Reuters