Эдийн засаг
Тоёота: Тесла бол гал тогоогүй, хоолгүй, зөвхөн жор зохиодог компани
Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч, Японы Тоёота компанийн ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Теслагийн талаар сонирхолтой тодорхойлолт хэлжээ.
Тус компанийн үүсгэн байгуулагчийн ач хүү, ерөнхийлөгч Акио Тоёода өнгөрсөн Баасан гарагт болсон нэгэн илтгэлийн үеэр Тоёота болон Теслагийн бизнесийн ялгааг тайлбарласан байна.
“Бидэнд байгаа, Теслад байхгүй зүйл бол 100 гаруй сая автомашин дэлхийн зах зээлд нийлүүлсэн үйлдвэрүүд юм. Теслагийн бизнесийг гал тогоотой зүйрлүүлж тайлбарлах нь зөв байх. Бидэнд жинхэнэ гал тогоо, сайн хоол хийдэг тогооч байна. Харин Тесла зөвхөн хоолны жороо бизнес болгохыг хичээж байгаа компани. Гал тогоогүй, хоол хийдэггүй мөртлөө ‘Манай жор ирээдүйд дэлхий дахинд стандарт болох ёстой’ гэж тэдний тогооч ярьж байна. Миний бодлоор энэ бол Теслагийн бизнес юм” гэж Тоёода ерөнхийлөгч хэлжээ.
Харьцуулбал Тесла компани энэ онд 500,000 автомашин үйлдвэрлэх тооцоотой байгаа. Харин Тоёота компани 2019 онд дэлхий даяар 10 сая автомашин борлуулсан юм.
Гэсэн хэдий ч Теслагийн зах зээлийн үнэлгээ нь Тоёотагийнхаас бараг хоёр дахин өндөр байгаа. Энэ талаар Тоёода ерөнхийлөгч хэлэхдээ “Мэдээж хувьцааны одоогийн үнэлгээгээр бид хоцорч яваа. Гэхдээ бодитой бүтээгдэхүүнээр ярьвал бидэнд хүмүүст санал болгох бүрэн цэс бий” гэжээ.
Эх сурвалж: Business Insider