Улс төр
Я.Содбаатар: “Энхсаран” сувилал дээр хариуцлага алдсан нь үнэн
“Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэн, жолооч Д-ээс коронавирусны халдвар илэрсэн нь тус сувилалд халдвар хамгааллын дэглэм алдсантай холбоотой юу. Дэглэм зөрчсөн асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага тооцсон уу гэх сэтгүүлчийн асуултад Шадар сайд Я.Содбаатар дараах хариултыг өглөө.
Улсын онцгой комиссын дарга Я.СОДБААТАР:
-Бидэнд хүнд хариуцлага тооцох цаг хугацаа олдох байх. Энэ нөхцөл байдлуудын дараа том дүгнэлт гарч таарна. “Энхсаран” сувилал дээр халдвар, хамгааллын дэглэм алдагдсан. Тэнд хариуцаж байсан хүмүүсийн тоо, нэр ус байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд, олон хүн өдөр, шөнөгүй 24 цагаар зүтгэж байгаа энэ үед тэдгээр хүмүүст хариуцлага тооцох уу, үгүй юу гэдгийг бодож байна. Тэр хүмүүс сүүлийн арван сар эхнэр, хүүхдээ орхиж, харуул хамгаалалтад зогсож байсан юм. Тийм учраас хариуцлага тооцох цаг ирэх байх аа, болох байх. Энэ үед бол үндэстнээрээ аюул дагуулчих гээд байгаа цар тахлыг хумиад авъя л гэж бодож байна. Үүнийг хумьж аваад, зогсоогоод авчихвал дараа нь нэгэнтэйгээ муу, сайнаа ярилцаж болох байлгүй дээ.