Дэлхий
Ватиканы эрх баригчид Пап лам яагаад бразил моделийн зурагт “лайк” дарсныг шалгуулахаар Инстаграмд ханджээ
Өнгөрсөн долоо хоногт Ромын католик шашны тэргүүн Пап ламын албан ёсны эккаунтаас Бразилийн модел бүсгүйн зурагт “лайк” дарсан үйлдэл олны анхаарлын төвд орсон юм.
Энэ явдлын дараа Ватиканы эрх баригчид хэн ийм үйлдэл хийснийг шалгуулахаар Инстаграм компанид ханджээ. Тэд хэн нэгэн Пап ламын Инстаграм хуудсанд хууль бусаар нэвтэрсэн, эсвэл уг эккаунтыг хөтөлдөг албаны хүмүүсийн нэг үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Дэлхийн католик шашинтнуудын тэргүүнээс “лайк” авсан 2.4 сая дагагчтай модел Наталиа Гариботто “ямартай ч диваажинд төрөхөөр боллоо” гэж сошиал хуудсандаа хошигнон бичжээ.
Түүний менежмэнтийг хариуцдаг COY Co. компани “манай компани албан ёсоор Пап ламд адислууллаа” хэмээн мэдэгдсэн байна.
Пап ламын эккаунтыг Ватиканы сошиал сүлжээ хариуцсан багийн гишүүд хөтөлдөг гэнэ.
“Дээрхийн гэгээнтэн “лайк” дарсан байх ямар ч боломжгүй тул бид Инстаграм компаниас тайлбар хүсээд байна” гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.
“franciscus” нэртэй Пап ламын Инстаграм эккаунт нь 7.4 сая дагагчтай бол Твиттер эккаунт нь 18.8 сая дагагчтай юм. 2017 онд тэрбээр дэлхийн улс төр, шашны тэргүүнүүд дотроос сошиал сүлжээнд хамгийн алдартай хүнээр тодорч байжээ.
Эх сурвалж: The Guardian