Улс төр
Я.Содбаатар: Нутаг буцах иргэд тусгаарлалтыг сайн барихгүй бол нутаг орондоо халдвар тараах эрсдэлтэй
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар болон салбар хариуцсан сайд нар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Үйлчилгээний байгууллагууд болон өдөр тутмын орлогоороо амьдардаг иргэдийн хувьд хөл хориог сунгасан шийдвэр хүнд тусаж байна. Мөн түрээсийн төлбөрийг нөхцөлийг сулруулах чиглэлээр зохицуулалт хийх боломж байна уу? гэсэн асуултад УОК-ын дарга Я.Содбаатарын хариулав.
Тэрбээр, Өдөр тутмын орлогоор амьдарч буй иргэд санаа зовоож байна. УОК, Засгийн газар хоёр зүйлийн “хайчин гал”-д байна. Нэг талдаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул эрсдэл учруулахгүйн төлөө ажиллаж байна. Нөгөө талаас эдийн засаг, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд ирж буй цохилт амаргүй байна. Түрээсийн асуудал бол иргэн, ААН хоорондын гэрээний асуудал байдаг учир төр оролцоход амаргүй.
Эдийн засгийн цусны эргэлтийн тодорхой түвшинд сайжруулахын тулд халдвар гараагүй аймгуудын дотоод үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ. Аймаг, сум дотроо хөдөлгөөн, бүхий үйл ажиллагааг нээж байна. Харин аймаг, хот хооронд хөдөлгөөн хийхгүй.
Гэхдээ одоо нийслэлээс орон нутаг руу явах гэж байгаа 91 мянган иргэн маш том эрсдэл дагуулж байгаа. Хэдийгээр PCR шинжилгээ хийлгэсэн ч энэ хүмүүсээс халдвар илрэх эрсдэл бий. PCR оношлуур магадлалаар тодорхой хувийн алдаатай. Энэ шинжилгээг хоёр, гурав дахь удаагаа өгч байж халдвар илрэх тохиолдлууд байна. Тиймээс одоо явах гэж байгаа иргэд гэртээ хариад 14 хоногийн тусгаарлалтыг маш хариуцлагатайгаар хийхгүй бол нутаг орондоо өвчин тараах эрсдэлтэй. Дахин өөр аймагт халдвар гарах вий гэж бид санаа зовж байна.
-Орон нутгийн иргэд нийтийн тээврээр явах уу?
-91 мянган иргэний 29 мянга нь хувийн машинаараа, бусад нь нийтийн тээврээр, баруун аймгийнхан онгоцоор явна гэж мэдээллээ өгсөн гэлээ.