Эдийн засаг
Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн уурхайн туслан гүйцэтгэгч компанийн ажилчдаас коронавирусийн халдвар илрээгүй
Уурхайчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар Эрдэнэс-Тавантолгой ХК-аас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд:
“Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн уурхайн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид болон Ханги боомтод ажилладаг нүүрс тээврийн жолооч коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл нь үндэслэлгүй болно.
Улаанбаатар болон БНХАУ-ын Бугат хотод авсан шинжилгээний хариу сөрөг/халдваргүй гарсан.
Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй бух уурхай, компаниудын үйл ажиллагаа 24 цагийн зохион байгуулалттайгаар жигд, хэвийн явагдаж байна.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ээлж солилцох ажил хүндрэл бэрхшээлгүй хийгдэж байгаа.
Түргэвчилсэн оношлуурын хариу нь 100% баттай биш гэдгийг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагууд сануулсаар байхад эцсийнх мэтээр мэдээлж, иргэд олон нийтийг түгшүүрт автуулахгүй байхыг хүсье.
Энэ мэт бодитой бус мэдээлэл нь нүүрсний экспорт, цаашлаад улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх уршигтай” гэжээ.