Яам
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны анхдугаар хурал боллоо
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй Мон (3787/3788): “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Удирдах хорооны Анхдугаар хурал боллоо.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт буюу Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилготойгоор 2019-2024 онд хэрэгжиж байна.
Тус төслийн хэрэгжилт, үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, салбар хоорондын уялдааг сайжруулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төслийн Удирдах хороо нь БОАЖ-ын Сайдын тушаалаар БОАЖЯ, СЯ, БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ, Хөвсгөл, Хэнтий аймгийн Захиргаа болон иргэний нийгмийн төлөөлөл болох “Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо”, “Дэлхийн байгаль хамгаалах сан”, “Монголын Эмэгтэйчүүдийн сан” зэрэг ТББ-ын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд төслийн Удирдах хорооны дарга Ц.Цэнгэл Удирдах хорооны Анхдугаар хурлыг удирдаж, хурлаар төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд үндэслэн төслийн 2019-2020 оны худалдан авах ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.