Улс төр
Б.Баярсайхан: Гэр бүл, нийгэмд хүүхэд “эвдэрч” байна
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан боловсролын салбарын аль ч шатанд хүүхдийн хүмүүжилд зөв хүн байх, хүнлэг байх талаар тодорхой хэмжээний үр нөлөөтэй сургалт орж байгаа хэдий ч нийтээрээ хүүхдийн хүмүүжилд анхаардаг бодлого алдагдсан байна гэдгийг хэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Бид Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэж зорьж байна. Бид энэ 30 жилд юу алдсан гэхээр хүнээрээ хүн хийж байсан ардын ухаан, уламжлалт зан заншил, үндэсний өв соёл, өвөг дээдсийнхээ нарийн нандин хүүхдээ хүн болгодог, хүнээ иргэн болгодог, зөв хүн болгодог ёс жудагтай, ёс суртахуунтай иргэн бэлтгэдэг арга ухаанаа үнэхээр алдсан. Тиймээс бид өнөөдөр нэг зүйлийг олон талаас нь хууль болох хүртэл нь яриад сууж байна. Энэ бол маш зөв.
Төрийн түшээгээсээ эхлээд нийгмийн бүх салбарт ёс суртахуун гэдэг зүйл алдагдсан. Ёс жудаггүй болсон. Тиймээс онцгойлон өнгөрсөн 30 жил УИХ-ын гишүүдийн, төрийн албан хаагчдын нэр хүнд унасан, нийгэм замбараагүй болсон. Тиймээс ард иргэд одоо нийгмийн ёс суртахуунтай, ёс зүйтэй болгох юмсан гэсэн хүсэлтэй байна. Иргэдээ зөв хүмүүжүүлж, ёс суртахуунтай болгох ёстой юм байна гэсэн хууль орж ирж байна. Маш их дэмжиж байна. Гэхдээ хуулийн нэр нь хүмүүнлэгийн боловсрол байх юм уу эсвэл МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийн цогц бодлогыг боловсруулна гээд Монгол Улсын Засгийн газрын Алсын хараа 2050 дээр хүнээ хайрласан, дээдэлсэн, зөв хүмүүжүүлсэн иргэн байна гэсэн. Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь хүн юм гэсэн алсын хараатай.
Би нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд хүнлэг байх, зөв байх гэдгийг тодорхой хэмжээгээр, чадах чинээгээрээ оруулж байна. Хүүхэд хаана эвдэрч байна гэхээр гэр бүл, нийгэмд. Өвөг дээдэс маань хүүхдээ гэр бүлийн хүмүүжил дээр нь нийгмээрээ хүмүүжүүлдэг байсан. Гудамжинд байгаа хүүхдийн буруутай үйлдэлд нийтээрээ санаа зовдог байсан. Нэг хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд нийтээрээ санаа тавьдаг төрийн бодлоготой байсан. Энэ алдагдаад байна” гэлээ.