Нийгэм
Вакцинжуулалт хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй байна
Коронавирусийн эсрэг вакцины талаар УОК-оос дараах мэдээллийг өглөө.
Шадар сайд Я.Содбаатар “Бид гурван чиглэлээр вакцин хөөцөлдөж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн чанартай вакцин оруулж ирж, иргэдээ вакцинжуулна. Нэгдүгээрт, бид олон улсын байгууллагын шугамаар вакцин оруулж ирэх ажлын хөөцөлдөж байна. Үүнд НҮБ болон ДЭМБ голлож байна. ДЭМБ-ын дэргэд 180 гаруй орон нэгдэж байгуулсан COVAX механизм эхний ээлжинд дэлхийн хүн амын 20 хувийг вакцинжуулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын хүн амынхаа 20 хувь буюу 660 мянган иргэнийг вакцинд хамруулах боломж бүрдэнэ гэж харж байна. Өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн хэлснээр нэгдүгээр улиралд багтаж COVAX-ийн шугамаар орж ирэх вакцины эхний ээлж ирнэ. Ирэх оны гуравдугаар сард багтаж гэсэн үг.
Үүнээс гадна улс хооронд вакцины тусламж дэмжлэг авах, хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлцэл хийгдэж байгаа. Мөн ирэх оны нэгдүгээр улиралд багтаж тодорхой хэмжээний вакцин орж ирэх болов уу.
Гуравдугаарт, Европын орнууд болон АНУ-д үйлдвэрлэж буй гурван ч вакцин байгаа. Хөрш хоёр орныхыг нэмбэл таван ч төрлийн вакцин яригдаж байна. Европ болон АНУ-д үйлдвэрлэж буй вакцины үйлдвэрлэгч нартай нь бид шууд харилцаж байгаа. Энэ чиглэлийн асуудал Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг дээр танилцуулагдаж байгаа.
Ямарч байсан ирэх оны эхний улиралд багтаан вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Харин вакцинжуулалт хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй байна. Удахгүй вакцинжуулалтын Үндэсний хөтөлбөр төлөвлөгөө батлагдана. Энэ төлөвлөгөө батлагдангуут халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдаас эхлээд вакцинжуулалт эхэлнэ” гэв.