Улс төр
Сүүлээ хавчсан шударга ёс
Шударга ёс гэх зүйлийг гучаад жил ярьсан ч улс төрийн “аугаа” их шалтгаан дунд үнэн дүр төрхөө харуулна гэж даанч үгүй аж. Харуулах боломж ч өгдөггүй юм байна. Хамгийн сүүлд УИХ-ын таван гишүүн нэгдэж, Монгол Улсын нийгэм, улс төрд шударга ёс тогтооно хэмээн тэмцэв. Энэ тэмцэл нь зөвхөн жагсаал цуглаанаар хэмжигдэхгүй. Төрийн ордон, яам, тамгын газар гээд өргөн хүрээг хамарч, хүчтэй дэгдсэн учраас ард түмэн ч чамгүй итгэл үзүүлж байв. Харин таван нөхрийн шударга ёсны тэмцэл нь 2020 оны сонгууль угтсан ажиллагаа байсан нь илт.
Амиа тасдуулсан мэт ор тас алга боллоо. Эрх баригч намын талд үйлчилсэн хэмээн намаасаа хөөгдсөн Л.Болд, Ж.Батзандан нарын үнэн төрхийг сонгогчид аль эрт мэдсэн учраас сонгуульд сөгдүүлээд авав. Гэхдээ иргэдийн итгэл үнэмшил ууган намд илүү давамгайлж байгааг Т.Аюурсайхан нарын залуу тэмцэгчдээс харж болно. Түүнээс тэдэнд Л.Болд, Ж.Батзандан нараасаа ялгарах зүйл нэгээхэн ч үгүй. Рейтинг доогуур ч байж мэдэх хүмүүс. Гагцхүү улс төрийн туршлагатай МАН-ын данстай байгаа учраас сонгуульд ялалт байгуулж, улмаар дарга, сайдын албан тушаалд очлоо. МАН-аас гэхэд Шударга ёсны тэргүүн магнайд явсан Т.Аюурсайханыг хоёр ч удаа сонгоод УИХ-д оруулаад ирэв. Шударга дүр эсгээд яваад байхаар сонгогчид ч итгэдэг бололтой. Ядахад л популизмаараа алдартай нөхдүүдтэй нийлэн “Шударга ёс” лоозонгийн цаана чухам юу өрнүүлж байгааг анзаарах сөхөө байсангүй.
Баянзүрхчүүд Ж.Батзанданг, Хан-Уулчууд Л.Болдыг таниад гэрт нь суулгаж байхад МАН-ын шударга ёс сахиулагчдынг сонгогчид таньсангүй. Тэднийг таниагүй дээ биш, эрх баригч намд өндөр итгэл үзүүлж байсантай холбоотой байх. Тэд бол огт шинэ давлагаа биш, шинэчлэгчид ч биш, шинэ үе ч биш. Өдгөө Т.Аюурсайхан УИХ-ын Дэд дарга хэмээх албан тушаалтай өнөөх тэмцлээ мартчихсан сууж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон Х.Нямбаатар илтэд захиалгын гэмээр хуулийг УИХаар батлуулахаар улайрч сууна. Гагцхүү ах нарын дуу хоолой болж, “Шударга ёс” хэмээн цээжээ дэлдэж явсны хүч болохоос тэдэнд өөрийн гэсэн оройн зай, эрэмбэ алга. Өдгөө ч ах нарын гүйцэтгэгчээр ажиллаж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Шалтгаан нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдэх эрхийг хөндсөн, боомилсон хуулийг тэр дур мэдэн санаачилж, дур мэдэн зүтгүүлээгүй байх.
“Шударга ёс тогтоон” хэмээж байсан залуусын дунд энэ мэт өрөө төлж байгаа мэт харагдах зүйл олон. УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан ч “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” хуулийг санаачлан оруулсан нь ч дур мэдэн шийдсэн хэрэг биш байх. Гэтэл саяхан УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзанданг Австралид суух Элчин зөвлөхөөр томилсон талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тайлбар өгчээ. Ингэхдээ “Ж.Батзанданг Элчин сайдын алба хашиж чадна гэж үзсэн. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй юм” хэмээжээ.
Шударга ёсны баг өмсөж, тэмцэл хэмээн цээжээ дэлдэж байсны цаана ийм л өчүүхэн эрх ашиг нуугдаж байгааг зөвхөн энэ жишээнээс харж болно. Өдгөө түүний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ Зам тээвэр, хөгжлийн сайд Дэд сайдаар ажиллаж байна. Эрх баригчидтай нийлж, өөрсдийг нь өдий зэрэгт хүргэсэн намаа турхирч байсан нь ердөө л энэ. Нөгөө талаар Ж.Батзандан диполмат албанд тохирох хүн огтхон ч биш. Дэлхийн аль нэг улс оронд очиж жагсаал цуглаан зохион байгуулах гээгүй бол түүгээр яах юм. Өөр чадах зүйл үгүй.
Монголын дипломат алба улс төрийн тохироо болсны тод илрэл юм. Шуудхан хэлэхэд Ж.Батзандан Ардын намаас авах ёстой, тохирох албан тушаалаа авч, Ардын нам өгөх ёстой авлигаа өгч байна гэж харагдахаар. УИХ-ын гишүүн Л.Болд гэхэд хэргээ бүтээсэн ч сонгуульд өвдөг шороодож, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх нэрийн дор дараагийн улс төрийн ажиллагаандаа шилжсэн. Түүнийг ч Элчин сайдаар томилох тухай асуудал яригдаж байна. Тэднийг АН-аас өрх тусгаарлан, “Шударга ёс” хэмээн ярьж байхад АН-аас хэнчээн гишүүн тэднийг дагаж итгэл үнэмшлээ өгөв гэхээр дэндүү харамсалтай.
АН-ын хувьд 2020 оны сонгуулийн ялагдалд томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс нь Л.Болд, Ж.Батзандан нар юм. Энэ тухайд дурдаад байвал дуусахгүй олон зүйл хөвөрнө. Манай улстөрчдийн сахиулж байгаа шударга ёс гэж нэг ийм хүрээнд өрнөж байгааг мэдэхэд илүүдэх юун.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН