Дэлхий
Их Британийн засгийн газар Oxford-AstraZeneca-гийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олголоо
Өнөөдөр Их Британийн засгийн газар Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг тус улсын хүн амын дархлаажуулалтад ашиглах зөвшөөрлийг олголоо.
Шинэ вакциныг нэгдүгээр сарын 4-нөөс хэрэглэж эхлэх ба одоо хэрэгжиж буй дархлаажуулалтын аяныг хурдасгах ач холбогдолтойг тус улсын эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.
Их Британийн засгийн газар хэд хэдэн вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулсны дотор хамгийн олныг буюу 100 сая тунг AstraZeneca компаниас авахаар захиалсан юм. Энэ нь 50 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин. Тус улс 66 сая хүн амтай.
Их Британи улс арванхоёрдугаар сардын дундуур Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгосон нь одоо ашиглагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 600,000 гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Харин AstraZeneca-гийн вакцины хувьд уламжлалт технологиор бүтээгдсэн тул өртөг хямд, олноор үйлдвэрлэх боломжтой, ердийн хөргөгчинд хадгалах, тээвэрлэх боломжтой.
Харьцуулбал Pfizer/BioNTech компаниудын вакциныг Цельсийн -70 хэмийн температурт хадгалах шаардлагатай байдаг тул тээвэрлэх, хадгалахад хүндрэл үүсгэдэг юм.
Эх сурвалж: BBC