Дэлхий
Клопп: Хүснэгтийн тэргүүнд бичигдэх нь юуг ч илэрхийлэхгүй
Английн Премьер лигийн хүрээнд Ньюкасл клубийн талбайд 0-0 харьцаагаар тэнцсэний дараа Ливерпүүл клубийн дасгалжуулагч Юрген Клопп багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Лигийн хүрээнд хоёр дараалан хүснэгтийн хоёрдугаар хагаст байгаа багтай тэнцсэн Ливерпүүл клуб лигийн хүснэгтийг 33 оноотой тэргүүлж байна. Харин тэдний араас Манчестер Юнайтед клуб тэргүүлэгчдээс нэг тоглолт дутуу 30 оноотой удаалж байгаа юм.
Сент Жеймс Парк цэнгэлдэх хүрээлэнд болсон хуурай тэнцээний үеэр Ливерпүүлээс Мохамед Салах, Роберто Фирмино нар хэд хэдэн гоолын боломжоо алдсан. Өмнөх Уэст Бромтой хийсэн тоглолтод ч олон боломжоо алдсаны эцэст 1-1 харьцаагаар тэнцсэн билээ.
Ливерпүүлээс бэртэлтэй байсан Тиаго Алкантара, Жеймс Милнер нар тоглолтод оролцсон бол бэртэл авсан Жоел Матипын оронд 23 настай Натаньел Филипс гараанд гарсан юм.
Тоглолтын дараа Юрген Клопп “Хүснэгтийн тэргүүнд бичигдэх сайхан ч энэ юуг ч илэрхийлэхгүй. Бид тэнцсэн ч лигийн тэргүүнд хэвээр байгаа нь энэ улирал баг бүрт ямар хэцүү байгааг харуулж байна. Бид хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. Чадах бүхнээ хийсэн ч урам хугарсан хэвээр үлдлээ” хэмээв.
Ливерпүүл ийнхүү гурав дахь жилдээ дараалан шинэ жилийн баярын үеэр лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа ч хоёр жилийн өмнө лигийн түрүүгээ Манчестер Ситид алдаж байсан удаатай.
Эх сурвалж: BBC