Нийгэм
УБ-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Ш.Раднаасэд, Д.Өнөрболор нарын гишүүд иржээ
Улаанбаатар-Сөүл чиглэл тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.01.06/ Улаанбаатраас нисжээ. Уг онгоцоор АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон ЭСЯ-нд ажилладаг, ажиллаж байгаад хугацаа нь дуусгавар болж эх орондоо буцаж буй 28 хүнийг тээвэрлэж, Сөүлд хүргэжээ.
Буцахдаа “Зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэнэ” хэмээсэн ч хүн тээвэрлэсэн болохыг Инчонд байгаа монголчууд баримтжуулан манай телевизэд дараах мэдээллийг ирүүлсэн.
Яг өнөөдрийн байдлаар 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1,2-р сард багтаж эх орондоо буцах хүсэлтээ өгч онгоцны тийзээ захиалсан Монгол Улсын 750 гаруй иргэн БНСУ-д хүлээж, тэдний зарим нь ЭСЯ-ны гадаа тайван жагсаал зохион байгуулж байгаа юм.
Гэвч тэдгээр иргэдээс нэгийг нь ч аваагүй мөртлөө өчигдрийн тусгай үүргийн онгоцоор 50 хүн тээвэрлэн Улаанбаатарт авчирчээ. Нэрсийн жагсаалт “маш нууц” түвшинд байсан бөгөөд цагдаа, тагнуулын ажилчид дээрх 50 хүнийг Сөүл хотоос хоёр автобусанд суулган Инчеоны нисэх онгоцны буудалд авчирч, онгоцонд шууд суулгасан аж.
Тэдэн дунд оны өмнө БНСУ руу яваад гацсан гэх УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар байсан бөгөөд дийлэнх нь бизнесмэнүүд байсан гэж эх сурвалж мэдээллээ.