Улс төр
О.Мөнхсайхан: Шүүхэд нөлөөлөх эрсдлийг хязгаарласныг үгүйсгэж, өөртөө бүх эрх мэдлийг авч үлдэхийн тулд Ерөнхийлөгч хориг тавьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байна. Уг хоригтой холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир байр сууриа илэрхийлсэн юм.
Ө.Шижир: Эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна
Тэрбээр “Шүүхийн тухай хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна гэж үзэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан, УИХ-аас томилдог байхаар заасан. Энэ тохиолдолд ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат болохоор байгаа. Ингэснээр шүүхийн боловсон хүчин, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд оролцох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн алдагдуулах нөхцөл байдал бүрдэж байна” гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуульд тавьсан хоригтой холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан цахим хуудсандаа байр сууриал илэрхийлэв.
О.Мөнхсайхан: Шүүхэд нөлөөлөх эрсдлийг хязгаарласныг үгүйсгэж, өөртөө бүх эрх мэдлийг авч үлдэхийн тулд Ерөнхийлөгч хориг тавьж байна
Тэрбээр “Ерөнхийлөгч өнөөдөр Шүүхийн тухай хуульд хориг тавьсан бололтой. Одоог хүртэл шүүхтэй холбоотой томилгооны болон бусад бараг бүх эрх мэдэл Eрөнхийлөгчид төвлөрч, үүгээр дамжин улс төрийн нөлөөлөл шүүхэд орох өндөр эрсдэл бий, өчнөөн жишээ бий. Үүнийг нь засаж өөр өөр субьeктэд хуваарилаж, хэн нэгэн шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг сааруулсан, хязгаарласан Шүүхийн тухай хууль баталсныг үгүйсгэж өөр дээрээ бүх эрх мэдлээ авч үлдэхийн тулд хориг тавьж буй юм байх. УИХ энэ хоригийг eрөөс хүлээн авч болохгүй гэж бодож байна. Eрөнхийлөгчийн ойрын хүмүүсээс нийтэд хэлээд буй гол шүүмж дээр нь товч тайлбар хэльe:
1992 оны Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) гэж шинэ институцийг байгуулж хуульчаас шүүгчийг шилж олох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах үүргийг хариуцуулсан. Одоо энэ байгууллага 5 гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Эдгээр 5 гишүүний гурвыг шат шатны шүүхийн шүүгчид, нэгийг Хуульчдын холбоо, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд Ерөнхийлөгчид санал болгодог ч энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэдэг. Үүнийг засаж залруулах нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний дагуу сая батлагдсан Шүүхийн тухай хуулийн нэг гол зорилт байсан юм.
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн бүрэлдэхүүнийг тодорхой болгож үүний дагуу Шүүхийн тухай хууль шинээр батлагдаад байна. ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг олон нийтэд нээлттэй нэр дэвшиж танилцуулагдсаны дараа нийт шүүгчид өөрсдөөсөө шууд сонгож бүрдүүлж байгаа нь уг зөвлөлд ирэх зүй бус нөлөөллийг сааруулна. ШЕЗ-ийн үлдсэн тав буюу шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно. Энэ нь гурван үе шатаас бүрдэнэ:
(1) Тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг гаргаж ирнэ. УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн санал болгосон тэнцвэртэй төлөөлөл бүхий 11 гишүүнтэйгээр ажлын хэсгийг байгуулах тул энд аль нэг субъект нь давамгайлж, зүй бусаар нөлөөлөх эрсдэл багасна.
(2) Олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ-ын хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Энэ сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдахаас гадна УИХ-ын гишүүд тухайн нэр дэвшигчээс асууж шалгааж хэн бэ гэдгийг нь олон нийтийн өмнө харуулж мэдээлэл өгч, иргэдийн саналыг тусгана.
(3) Сонгон шалгаруулалтаар шигшигдэж гарч ирээд нээлттэй сонсголд орсон нэр дэвшигчийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ. ШЕЗ хуульчдаас шүүгчдийг шилж олж Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд шүүгчид нь иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаан орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Ийм шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан ёсны легитим шинжийг хангана. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дахь шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгож, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог.
УИХ шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг шийдвэрлэж буй боловч үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. Тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хийнэ, эндээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр нээлттэй сонсгол хийнэ, тэгээд УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалт болон томилгооны сонсгол яаж явагдах тухай маш нарийн процессыг хуульчилсан.
Шүүхийн тухай шинэ хуулийг зөв, тууштай хэрэгжүүлбэл энэ тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэж үр дүн гарах боломжтой. ШЕЗ-ийг бүрдүүлэх, түүний шилж олсон хуульчийг шүүгчээр томилох процессыг бүхэлд нь харвал аль нэг субъектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг хааж, шүүгчийг шилж олох, томилоход гол институцүүдийг тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ хараат бусаар хариуцлагатай ажиллах суурь тавигдаж буй. ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай.
ЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субъектүүдийн ч, мэргэжлийн болон иргэний нийгмийн төлөөлөл, оролцоог ч тэнцвэртэй хангана. Энэ ажлын хэсгийн санал болгосон хүнийг нээлттэй сонсголд оруулж ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ томилох эсэхийг шийдвэрлэнэ. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог ч хангана” гэжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хоригийг хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Энэ хууль нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан. Ерөнхийлөгч хуулийн төслийг боловсруулах ажилд идэвх санаачилгатай оролцсон. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэгт 36 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Ажлын хэсгийн хүрээнд эдгээр саналын 98 хувийг хүлээн авч баталсан.
Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд оролцдог бүх эрхийг УИХ, олонх булаагаад авчихсан мэт улс төр хийж байгаа. Үгүй юм. Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгч нарыг томилох эрх нь хэвээр, УДШ-ийн ерөнхий шүүгчийн томилох бүрэн эрх нь хэвээр байгаа.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Ерөнхийлөгч Монгол Улсын бүх шатны шүүгчид, бүх шүүхийн ерөнхий шүүгчид, ШЕЗ-ийн бүх гишүүдийг, Шүүхийн сахилгын хорооны бүх гишүүдийг томилдог. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэл бий болгосон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ эрх мэдлийг задалсан” гэв.
Н.Батаа