Дэлхий
Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тооноос вакцин хийлгэсэн хүний тоо давжээ
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо нь цар тахал эхэлсэн цагаас хойш бүртгэгдсэн халдварын тохиолдлын тооноос давсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн Бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Энэ нэг талаар харьцангуй богино хугацаанд гаргасан том амжилт юм. Нөгөө талаар вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн дөрөвний гурав нь дэлхийн ердөө 10 улсад оногдож байна. Эдгээр 10 улс нь манай дэлхийн нийт бүтээгдэхүүний бараг 60 хувийг гаргадаг” гэж Гебрейесус хэлсэн байна.
Тиймээс хүн амынхаа өндөр эрсдэлтэй бүлгийг дархлаажуулж дууссан улс орнуудад вакцинаа бусад улсуудтай хуваалцахыг тэр уриалжээ. Доктор Гебрейесусын хэлснээр өнөөдөр нийт 2.5 тэрбум хүн амтай дэлхийн 130 орчим улсад коронавирусийн эсрэг вакцины ганц ч тун хийгдээгүй байгаа гэнэ.
Дэлхийн баян чинээлэг улсууд вакцинаа ядуу буурай улсуудтай хуваалцахаас гадна вакцин үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэж, үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг ДЭМБ-ын тэргүүн сануулжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдварын 105 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 2.3 сая хүн нас бараад байна.
Эх сурвалж: ТАСС