Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар сарын 1-нээс эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Өнгөрсөн хугацаанд 4,1 их наяд төгрөгийн ачааллыг төсөвт авч, цар тахлын эсрэг арга хэмжээ авсан. Үүнд хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөх, НДШ-ээс чөлөөлөх гэх мэт арга хэмжээ багтсан. Үүнээс 2020 онд 2,4 их наяд төгрөгийг цар тахлыг даван туулахын тулд зарцуулсан. Цар тахлын үед Монгол Улсад 68,9 мянгаар ажлын байр байхгүй болсон. Цаашид 130 мянган шууд ажлын байр байхгүй болно гэсэн судалгаа бий. Тиймээс маскаа зүүх, гараа ариутгах, зай бариад ажлаа хийх шинэ амьдралын хэв маяг руу шилжинэ. Ингэж шилжихдээ 10 их наядын цогц төлөвлөгөө гаргасан талаар би та бүхэнд танилцуулж байна. Хөл хорионы хугацаанд нэг хаалга, нэг шинжилгээ арга хэмжээг авна. Дахиад хөл хорио тогтоохгүй, хэрэв хөл хорихоор бол 18-21 хоногийн өмнө аж ахуй нэгжид мэдэгдэнэ. Математик тооцооллоор бол долдугаар сарын 11 хүртэл 2-3 удаа хөл хорио тогтоох магадлалтай байна. Вакцинжуулалтын ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Гуравдугаар сарын 1 гэхэд эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ. Эхний ээлжинд 300 мянган тун вакциныг эмч, ачаа тээврийн жолооч, өндөр настай иргэдээ вакцинжуулна.
Хөл хорионы дараа бизнесийг шууд харьцдаг, шууд бус харьцдаг гэж хоёр хуваагаад стандарт тогтооно. Энэ талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 23-ны өдөр танилцуулна. Гадаадаас ирэх хүсэлтэй 9136 иргэн байна. УОК-оос заавал тусгаарлах байр зааж өгөхгүйгээр төлбөрийн чадамжид нийцүүлж, буудлаа сонгох боломжтой болно. Ингэхдээ хяналтын камерын хяналтыг сайтар хийнэ. Нэг л удаа дүрэм журмаа зөрчих юм бол арга хэмжээ авна.
Дундаж орлоготой иргэдээ дэмжих үүднээс 2 их наяд төгрөгийн, 3 хувь хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл гаргана. Хармагтайн ордоос 1 их наяд төгрөг гаргана, Монголбанкнаас 1 их наяд төгрөгийн бонд гаргаад арилжааны банкаар дамжуулж олгоно. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 сая төгрөгийн тэтгэлэг гаргана. Ажил хайж байгаа залуусыг цахимаар бүртгэнэ, энэ залуусыг дэмжсэн аж ахуй нэгжийг хөнгөлөлттэй бодлогод хамруулна.
Оронсууцжуулах цогц хөтөлбөрт 3 их наяд төгрөгийн төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ газар, барилгын материал буюу цемент зэрэгт дэмжлэг үзүүлээд, 2 их наядыг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулна. Хэрэв 2 их наяд төгрөг хүрэхгүй бол нэмж хөрөнгө оруулалт хийнэ.
Монголбанкны дахин санхүүжүүлэх РЕПО зээлийн эх үүсвэрт 1-2 их наяд төгрөг зарцуулна. Ингэхдээ хүү нь 10,5 хувь, хугацаа 2 жил байна.
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн багцийг энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болгосон. Мөн стратегийн ач холбогдолтой төслүүдийг Засгийн газраас дэмжинэ. Засгийн газрын 100 хоног дотор 100 төсөл зарлана. Өөрөөр хэлбэл Тавантолгойн нүүрсийг угаая, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулах гэх мэт 100 төсөл зарлана. Одоогоор 62 төсөл байгаа. Эдгээр төслийг хөл хорио суларсны дараа аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хуулийн хүрээнд хамтарч ажиллана.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагыг хэмнэж болох эцсийн цэг дээр авчрах талаар ярилцсан. Ийн хэмнэлт гарснаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгаа эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Хамгийн сайн халамж бол ажлын байрыг нэмэгдүүлэх юм. 2021 оны гуравдугаар улирал гэхэд эдийн засаг сэргэхгүй аюул нүүрлэж мэдэхээр байна. Тиймээс томоохон шийдвэр гаргах шаардлага байна.