Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

М.Цолмон: Ариутгалын тасгууд сайжирснаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар буурсан

Нийтэлсэн

Үйлчлүүлэгч эмнэлэгт очиж үйлчлүүлэхдээ тэндээс ямар нэг халдвар авах вий гэсэн айдас, болгоомжлолгүй байх учиртай. Гэвч зарим иргэн улсын эмнэлгийн шүдний тасгаар үйлчлүүлбэл багажаар дамжих халдварт өртөхөөс эмээн, өндөр үнэтэй хувийн эмнэлгийг зориуд зорьдог.

1980-аад онд буцалгаад олон удаа хэрэглэдэг зүү, тариурын улмаас олон хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцдаа хепатитийн В, С вирусын халдвар авсан юм. Нэг удаагийн зүү тариур хэрэглэх болсноор энэ халдварын тархалт тариураар дамжих нь буурсан. Гэвч 2014 оныг хүртэл эмнэлгийн ажилтнууд эдгээр вирусын халдварыг авах эрсдэл өндөр байв. Иймд эмнэлгээр үйлчлүүлэх иргэд болон эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилготой төслийг ЭМЯ, АХБ-тай хамтран хэрэгжүүлжээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг (ЭМТҮХХ) илрүүлэн бүртгэх, хариу арга хэмжээ авах, эмнэлгийн бүх түвшний ажилтнуудын халдварын сэргийлэлт, хяналтын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах замаар дадал хэвшлийг өөрчлөх нь энэ төслийн зорилго байв.

Төсөл хэрэгжээд дууссан тул ямар үр дүнд хүрсэн талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар(ЭТҮХХ)-ын Тандалт, судалгааны тасгийн тархвар судлаач, их эмч М.Цолмонтой ярилцав.

–Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн нэг зорилго нь эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх байв. Энэ төслийн хүрээнд та бүхэн төслийн нэгжтэй хамтран ямар ажлууд зохион байгуулсан бэ?
–ХӨСҮТ, түүн дотроо манай тасгийн хамт олон бид Эрүүл мэндийн салбар, хөгжил хөтөлбөр-5 төслийнхэнтэй хамтарч тандалтын тогтолцоог сайжруулах талаар эрүүл мэндийн ажилтны халдварын сэргийлэлт, хяналтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ЭТҮХХ-ын идэвхтэй тандалтыг сайжруулах, эмнэлгийн төвлөрсөн ариутгалын болон микробиологийн лабораторийг засах, тоног төхөөрөмжөөр хангах, тэнд ажиллаж байгаа ажилтны мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд ажилласан.

Энэ чиглэлээр зарим бодлогын баримт бичигт үнэлгээ, суурь судалгаа хийх зэрэг ажлын үндсэн дээр тушаал, заавар журмыг өөрчлөх, боловсруулах, холбогдох байгууллагаар баталгаажуулан гаргах, түүнийгээ бусдад ойлгуулах ажлуудыг хийлээ. Мөн “Монгол контент” компанитай хамтран долоон төрлийн зурагт хуудас, халааслаад авч явах боломжтой гарын авлага, богино видео хичээлүүд бэлтгэн, улсын болон хувийн эмнэлгүүдэд тараасан. Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлгүүд, УХТЭ, УГТЭ-д “Халдвараас сэргийлэхэд бусдыг уриалъя” аяныг хоёр жил дараалан зохион явууллаа. Энэ бүхний дараа халдварын сэргийлэлт, хяналт гэж юу болох, бид ямар арга хэмжээ авч ажиллах ёстой вэ? гэдэг чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдлэгт тодорхой ахиц гарсан.

-Та бүхэн энэ төслийг эхлүүлэхээс өмнө судалгаа хийгдсэн үү. Эрүүл мэндийн ажилтнууд ямар халдварт өртөх эрсдэл зонхилж байв?
-ЭМСХХ-5 төслийг эхлэхээс өмнө эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын халдварын сэргийлэлт, хяналтын талаарх мэдлэг хандлага, дадлыг тодорхойлох, эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлын хэмжээг тогтоох зэрэг суурь судалгаа хийсэн юм. Судалгааны үндсэн дээр хийх ажлуудаа төлөвлөдөг. Ер нь эрүүл мэндийн ажилтнууд үүргээ гүйцэтгэх хугацаанд халдварт өртөх эрсдэл байдаг. Жишээ нь маш олон төрлийн халдварт өвчнүүд халдварлах, биологийн шингэн нүүр, нүд, хувцас хэрэгсэл рүү үсрэх, сэтгэл санааны хямрал, ажлын ачаалал, зүү хурц ирмэгтэй багаж хэрэгсэлд хатгуулах, зүсэгдэх зэргээс шалтгаалан халдварт өртдөг. Үүнээс хамгийн түгээмэл нь цусаар дамжих халдвар, түүн дотроос вируст хепатит В,С-ийн халдвар түлхүү зонхилдог.

Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед 200 гаруй, одоо коронавируст халдвараар 170 гаруй эрүүл мэндийн ажилтан халдварт өртөөд байна.

Мөн тодорхой халдварт өвчний дэгдэлтийн үед тухайн халдварт өвчнөөр өвчлөх явдал их. Жишээ нь: 2015, 2016 онд дэгдэлтээр гарсан улаанбурхан өвчин, одоо гараад байгаа коронавирусын халдвар гэх мэт. Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед 200 гаруй, одоо коронавируст халдвараар 170 гаруй эрүүл мэндийн ажилтан халдварт өртөөд байна. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн ажилтнууд маань өвчтөнөөсөө халдвар авах, түүнээсээ цаашлаад өвчтөнд, гэр бүлдээ, найз нөхдөдөө халдвар тараах эрсдэлтэй.

Бид эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын халдварт өртөх эрсдлийг бууруурах чиглэлээр вируст хепатит В-гийн эсрэг дархлаажуулалтад хоёр удаагийн давтамжтай хамруулах чиглэлээр тушаал, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, мэдлэг, хандлага, дадлыг өөрчлөх сургалтын хөтөлбөр боловсруулсан. Ажлын байранд нь сургалт хийх, байгууллагын шийдвэр гаргагч нарт нөлөөлөх зэрэг ажлуудыг хийсний дүнд эрсдлүүд тодорхой хэмжээгээр буурсан. Шинээр ажилд орж байгаа ажилтныг вируст хепатитийн эсрэг вакцинд хамруулж ажилд авдаг, мөн ажиллаж байгаа ажилтныг хепатитийн эсрэг хоёр тун вакцинаар дархлаажуулдаг, дархлаа тогтоцын түвшинг тогтоодог болсон.

-Энэ төслийн хүрээнд ЭТҮХХ-ын илрүүлгийг сайжруулахын тулд идэвхтэй тандалтыг сайжруулжээ. Та энэ талаар тодруулахгүй юу?
-Үүнийг ярихын өмнө ЭТҮХХ гэж яг юуг хэлээд байна, үүнд хэн өртөх вэ, идэвхтэй тандана гэж юуг хэлж байна гэдгээс эхэлье. ЭТҮХХ гэдэг нь үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх явцдаа, эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөрт байхгүй халдварыг тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээнээс авахыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэдэг. Үүнд өвчтөн, сахиур, эрүүл мэндийн ажилтан бүгд ялгаагүй өртөнө.

Дэлхийн улс орнуудад ЭТҮХХ-т 100 хэвтэн эмчлүүлэгч тутмаас 11-20 гаруй нь халдварт өртдөг мэдээлэл байдаг. Манай улсад 1998 оноос эхлэн ЭТҮХХ-ыг албан ёсны мэдээ тайланд оруулж бүртгэж эхэлсэн. 100 хэвтэн эмчлүүлэгч тутмын 0,2 нь халдварт өртөж байна гэж үзэж байсан. Энэ нь тусламж үйлчилгээний чанар сайнаас үүдээгүй юм. Харин илрүүлэлт тааруу байжээ гэсэн үг. Эрүүл мэндийн сайдын олон удаагийн тушаал, зааврын дагуу тандалтын тогтолцоог нэвтрүүлснээр одоо ЭТҮХХ-ын тоо нэмэгдэж, 100 хэвтэн эмчлүүлэгчээс 2 нь халдварт өртөж байна гэсэн мэдээлэлтэй болсон.

2019 онд зохиомол амьсгалын аппараттай уушгины хатгалгааг гэхэд 29 тохиолдлыг гурван эмнэлгээс мэдээлжээ. 2020 онд 47 тохиолдол болон нэмэгдэж, мэдээлэх эмнэлгийн тоо ч нэмэгдсэн.

Энэ төслийг хэрэгжүүлэхээс өмнө манай улсад шээлгүүртэй холбоотой шээсний замын халдвар, зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгааг илрүүлдэггүй, бүртгэдэггүй байв. Эдгээр халдвар бусад орнуудад эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, мэс ажилбар хийлгүүлсэн эмчлүүлэгчдийн дунд зонхилон тохиолддог, ЭТҮХХ-ын дотор тэргүүлэх шалтгаант халдвар болдог. Төсөл хэрэгжсэнээр бид эдгээр халдварыг илрүүлэх чиглэлээр бодлогын баримт бичгүүд гарган, тодорхой үе шаттай хэрэгжүүлснээр дээрх халдваруудыг илрүүлдэг, мэдээлдэг, хариу арга хэмжээг авч ажиллаж чаддаг болсон. Жишээ нь 2019 онд зохиомол амьсгалын аппараттай уушгины хатгалгааг гэхэд 29 тохиолдлыг гурван эмнэлгээс мэдээлжээ. 2020 онд 47 тохиолдол болон нэмэгдэж, мэдээлэх эмнэлгийн тоо ч нэмэгдсэн.

Идэвхтэй тандалт гэдэг нь тухайн эмнэлгийн ямарв нэг ажилтан, баг өөрсдөө тусламж үйлчилгээний байдлаас шалтгаалан үйлчлүүлэгчээ идэвхтэй дагаж тандана гэсэн үг. Тандалт хийхэд эмч, сувилагч, тархвар судлаач, лабораторийн эмч гээд бүгд нэг баг болж ажилладаг. Жишээ нь: мэс заслын эмч өвчтөнөө үзэж, сувилагч боолт хийх явцдаа шарх нь идээтэй байна уу, шүүс гарч байна уу, шүүс нь ямар өнгө, үнэртэй байна гэдгийг хянадаг. Нян судлалын лабораторид шинжилгээ авах шаардлага байгаа бол эмчтэй хамтран шинжилгээг авч лабораторид хүргэнэ. Лабораторийн эмч шинжилгээг хийж, шинжилгээний хариу ямар байгааг мэдээлсний үндсэн дээр тархвар судлаач тархвар зүйн судалгаа хийж, шалтгааныг тогтоох, багаараа нийлж халдварыг цааш тархаахгүй байх шуурхай арга хэмжээг авдаг. Тэгэхээр халдварын сэргийлэлт, хяналт гэдэг ганц тархвар судлаач эмчийн ажил биш, багийн ажил, тандалтыг багаар хийдэг.

Идэвхтэй тандалтыг сайн хийснээр халдварын тоо маш их нэмэгдсэн мэт харагддаг. Үүнд эрүүл мэндийн байгууллагын удирдлага болон ажилтнууд их эмзэглэдэг юм. Иймд халдварын төвшинг буулгах нь бидний гол зорилго. Илрүүлэлт хэдий чинээ сайн байна, хариу арга хэмжээ төдий чинээ сайн байна. Илрүүлэхгүй, хариу арга хэмжээ авахгүй явсаар байвал нас баралтад хүргэх эрсдэлтэй. Ийм зүйл гаргахгүйн тулд бид ажиллаж байна. Тандалтын тогтолцоондоо суурилан илрүүлэлт бүрд хариу арга хэмжээ авч чаддаг болсон.

-Энэ чиглэлээр сургалт хийсэн талаар дурдсан. Сургалтын хөтөлбөрийг ямар байгууллага боловсруулж баталсан бэ?
-Сургалтыг олон чиглэлээр хийсэн. Үүнд халдварын сэргийлэлт, хяналт, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал, идэвхтэй тандалт, лабораторийн шинжилгээнд сорьц зөв цуглуулах, хариуг үнэлэх, ариутгалын ажилтнуудыг чадавхижуулах гэх мэт.

Халдварын сэргийлэлт, хяналт, идэвхтэй тандалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр АХБ-ны Канадын олон улсын нийгэмлэгийн зөвлөх Луиз Томальтитай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудыг сургалтад хамруулсан юм. Сургалтын хөтөлбөрийг АХБ-ны дотоодын зөвлөх АУ-ны доктор Т.Алтанцэцэг, Б.Сэлэнгэ, манай тасгийн мэргэжилтнүүд хамтран боловсруулж, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөр баталгаажуулсан. Эдгээр сургалтаар халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургагч багш бэлтгэхээс гадна зохиомол амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгаа, шээлгүүртэй холбоотой шээсний замын халдварыг хэрхэн илрүүлэх, ийм халдварын үед лабораторит сорьц хэрхэн цуглуулах, шинжилгээгээр илэрсэн үүсгэгчийг яаж үнэлэх, хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах зэрэгт чиглүүлэн мэс засал, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, лабораторийн ажилтнууд, тархвар судлаач эмч, халдвар хяналтын ажилтнуудыг багаар нь сургасан. Сурсан ажилтнууд маань цаашаа бусад ажилчдаа сургах гэх мэтээр явсан. Мөн МХЕГ, аймаг нийслэлийн МХГ-ын байцаагчид, анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудын багш нарт, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад ч сургалт хийгдсэн.

-Та бүхэн сургалтаа ямар давтамжтай явуулдаг вэ. Сүүлийн өдрүүдэд КОВИД-ын халдварын улмаас эмнэлгийн 170 ажилтан халдвар авлаа. Иймд сургалтыг дахин явуулах ёстой юу?
-Эрүүл мэндийн байгууллагууд сургалтыг тасралтгүй явуулдаг. Цар тахлын эрсдэлийн улмаас сургалтаа цахимаар хийж байна. Эмнэлэг бүрд халдварын сэргийлэлтийн алба бий. Өрхийн эмнэлэгт ч бий. Тэд дотоододоо сургалт явуулахыг Эрүүл мэндийн сайдын А/536 тоот тушаалаар үүрэг болгосон байдаг. Манай тасаг улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр ханган ажилладаг.

Эрүүл мэндийн ажилтнууд ЭМС-ын тушаалыг ягштал мөрдөж ажиллах ёстой, энэ нь ч коронавируст халдварын цар тахлын үед илт харагдаж байна. Коронавируст халдвар анх БНХАУ-д гарч эхэлсэн үеэс бид ДЭМБ-ын заавар зөвлөмжийг мөрдлөг болгон АХБ-ны дэмжлэгтэйгээр 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад ажлын байранд сургалт явуулсан юм. Үүний ач холбогдол ч харагдаж байна. Одоо ч бид цахимаар байнга сургалт хийж, зөвлөгөө өгдөг.

Бусад улсуудад халдварын сэргийлэлтийн эмч, сувилагч гэж бий. Манайд зөвхөн тархвар судлаачаар хязгаарлагдаж байна. ЭМСХХ-5 төслийн хүрээнд бид халдварын сэргийлэлт, хяналтын сувилагч, тархвар судлаачийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан гаргасан. Мөн ЭМС-ын А/536 тоот тушаалд эмнэлэг бүрд халдварын сэргийлэлт, хяналтын ажилтан, эмч ажиллах ёстойг заасан.

-Энэ төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн багаж хэрэгслээр дамжих халдварыг тэглэсэн гэж дүгнэж болох уу?
-Тэглэсэн гэж хэлэхгүй. Халдварын эх уурхай, дамжсан замыг бид тархвар зүйн судалгааны үндсэн дээр тогтоодог. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага байгаа цагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар байсаар л байна. Энэ халдварыг харин тодорхой хувиар бууруулахыг зорьж ажилладаг болсон.

-Халдвар илрүүлэлтийн шийтгэлийн тогтолцоог арилгасан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Энэ их буруу тогтолцоо байсан юм. Өмнө нь манай эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарангуут тухайн байгууллагын урамшууллыг хасдаг, үнэлэмжийг нь бууруулдаг байв. Зарим эрүүл мэндийн байгууллагууд гэрээндээ ЭТҮХХ “0” байна гэж заадаг нь үнэлгээнд нөлөөлдөг. Гэтэл одоо аль болох халдварыг илрүүлэлтийг дэмжих, хариу арга хэмжээгээ шуурхай авахад анхаарч байна.

БУДАГ, ПЛИТА ХОВХРООД УНАСАН БАЙХАД Л ЗАВСАР ХООРОНД НЯН ҮРЖИХ БОЛОМЖТОЙ

-Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах олон хүчин зүйл байдаг. Эмнэлгийн барилга үүнд ихээхэн нөлөөтэй. Эмнэлгийн хана, таазыг ч угааж болох материалаар хийх ёстой юм билээ. Энэ нөхцөл эмнэлгүүдэд ямар вэ?
-Барилгын дэд бүтэц, ялангуяа агааржуулалт их чухал. Зарим эмнэлэгт засвар хийн, агааржуулалтын хоолойгоо хаан, дүүжин тааз хийчихдэг. Энэ нь мөөгөнцөр, бактери үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Агааржуулалтын хоолой барилгын уушги юм. Бид уушгигүй бол амьсгалж чадахгүйтэй адил, барилга энэ хоолойгоор амьсгалж, агаар сэлгэлтээ хийдэг.

Улсын ихэнх эмнэлгийн барилга хуучирсан, плита хана, шалтай, хэд хэдэн өрөө дундаа нэг бие засах өрөөтэй, будаг, плита нь хуураад унасан ханатай, агааржуулалтын систем нь ажилладаггүй, инженерийн хяналтгүй байдаг.

Манай улсын ихэнх эмнэлгийн барилга хуучирсан, плита хана, шалтай, хэд хэдэн өрөө дундаа нэг бие засах өрөөтэй, будаг, плита нь хуураад унасан ханатай, агааржуулалтын систем нь ажилладаггүй, инженерийн хяналтгүй байдаг. Стандарт шаардлага хангасан, гарын хуруунд багтах хувийн эмнэлэг л бий. Манайд эмнэлгийн барилгын стандарт байхгүйгээс улсын эмнэлгийг төлөвлөхдөө алдаа гаргадаг. Уг нь эмнэлгийн өрөө бүр тусдаа бие засах өрөөтэй, агаарын эерэг, сөрөг даралтаар зохицуулагдсан, адаглаад ямар өрөөний хаалга хаашаа нээгдэхийг томьёолсон байдаг. Барилга, байгууламжийн төлөвлөлт, эмнэлгийн үйл ажиллагааны урсгал ЭТҮХХ цааш тархахад нөлөөлдөг. Будаг, плита ховхроод унасан байхад л завсар хооронд нян үржих боломжтой. Хэдий чинээ гөлгөр, цэвэрхэн гадаргуутай байна, тэнд бактери тогтохгүй. Будаг шохой хүртэл ямар байх вэ гэдгийг хүртэл төлөвлөдөг.

Ариутгалын тасагт агааржуулалтын эерэг, сөрөг даралт байх ёстой. Тодруулбал бохир багаж хүлээн авч угаадаг өрөөний агаар ариун багаж хадгалдаг өрөө рүү шилжих ёсгүй. Тухайн өрөөний агаар хаанаас ирж, хаашаа гарахыг агааржуулалтаар шийддэг.

Төсөлд хамрагдсан эмнэлгүүдийн микробиологийн лаборатори, төвлөрсөн ариутгалын тасгийн үйл ажиллагааны урсгалыг зөв болгох, засвар хийх, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг хийж олон дамжлагат автомат систем бүхий шаардлагатай тоног төхөөрөмжүүд суурилуулж, агааржуулалтын систем бүхий вакуумжсан ариун орчинг бий болгосон. Одоо найман аймгийн нэгдсэн эмнэлгийн микробиологийн лаборатори, төвлөрсөн ариутгалын тасагт л энэ систем нэвтрээгүй байна. Эдгээр эмнэлгүүдийн зураг төслийг боловсруулах ажил одоо үргэлжилж байна. Ирэх намар дуусна.

-Эмнэлэгт бүхэлд нь агааржуулалтын систем суурилуулаагүй гэсэн үг үү?
-Энэ нь боломжгүй.

УЛСЫН НЭГДЭН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН НЯН СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

-27 эмнэлгийн ариутгалын тасгийг иж бүрэн шинэчлэн засварлаж, орчин үеийн багаж хэрэгслээр хангажээ. Яагаад ариутгалын тасагт томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн юм бэ?
-Төвлөрсөн ариутгалын тасагт эмнэлгийн тусламж үйлчилгээнд бохирдсон багаж хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах, тасгуудад тараах ажиллагааг хийдэг. Ариун болсон багаж, хэрэгслийг дараагийн өвчтөнд хэрэглэх ёстой. Эмнэлгийг ариун багаж хэрэгслээр хангах нь төвлөрсөн ариутгалын тасгийн үүрэг. Гэтэл эдгээр тасгийн нөхцөл байдал манайд хэцүү, өрөө тасалгаа хүрэлцдэггүй, тоног төхөөрөмжүүд, хэрэглэдэг химийн бодис нь стандарт шаардлага хангадаггүй байсан.

ЭМСХХ-5 төслийн хүрээнд 14 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, нийслэлийн 8 дүүргийн ЭМТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгууд орчин үеийнх болж чадсан. Бид бусад улсуудын ариутгалын тасгуудтай тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхаар хөл нийлүүлж чадлаа. Төвлөрсөн ариутгалын тасгуудад 22 төрлийн 290 ширхэг эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг ханган нийлүүлсэн юм. Ариутгалын тасгуудын үйл ажиллагаа сайжирснаар багажны ариутгалын чанар сайжирч, ЭТҮХХ буурахад ихээхэн нөлөөлсөн. Энэ маш сайн үр дүн.

Зөвхөн ХӨСҮТ гэхэд л том жижиг нийлээд 20 орчим тоног төхөөрөмж хүлээн авсан. Жишээ нь багаж угаах автомат, компьютер удирдлагатай, хоёр хаалгатай машин, 2 хаалгатай автоклав, газплазмын аппарат гэх мэт. Төвлөрсөн ариутгалын тасгийн өмнөх тоног төхөөрөмжүүд бүд хэрэглээнээс гарсан. Өмнө нь бид ОХУ-д үйлдвэрлэсэн ВК автоклавыг ариутгалд ашигладаг, багаж хэрэгслийг гараар угаадаг байсан. Эвдрэхээр нь засаад л ашигладаг байлаа. Харин одоо хүмүүсийн ажиллах урам зориг нэмэгдэж, бүтээмжид эерэгээр нөлөөлж байна. Тоног төхөөрөмж сайжрахаар сувилагч, асрагчид багажид хатгуулах, зүсэгдэх эрсдэл буурсан.

УЛСЫН НЭГДЭН ГУРАВДУГААР ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛЫН ТӨВЛӨРСӨН ТАСАГ

-Шинэ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг ямар байгууллага хариуцдаг вэ?
-Баталгаат хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлсэн ААН-үүд засвар үйлчилгээг хариуцна. Цаашдаа тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд хариуцах үүрэгтэй.

-Төсөлд хамрагдсанаар нян судлалын лабораториудын чадамж үндэсний чанарын стандартад нийцдэг болсон уу?
-Нийцдэг болсон. Төслийн хүрээнд 20 эрүүл мэндийн байгууллагын нян судлалын лабораторийн барилгыг 2.1 тэрбум төгрөгөөр зассан юм. Дараа нь 3.1 сая ам.доллар үнэтэй, 27 төрлийн 108 ширхэг эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж нийлүүлсэн. Нян судлалын лабораториудад томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь халдвар илрүүлэлтэд эерэг нөлөө үзүүлсэн. Жишээ нь MRSA буюу метициллинд тэсвэртэй стафилококк, олон эмэнд тэсвэртэй нянгийн оношилгоог хийдэг болсноор тэдгээр халдвартай эмчлүүлэгчийг тусгаарлах, сэргийлэлтийн арга хэмжээ авах зэргээр халдварын сэргийлэлт, хяналтад маш том нөлөөг үзүүлсэн. Ингэснээр халдварыг цааш тархаахгүй барьж чадна.

Мөн эдгээр лаборатори гадаад, дотоод хяналтад хамрагдаж байна. ХӨСҮТ рүү бусад лабораториуд өсгөврөө илгээн, хөндлөнгийн хяналтаа хийлгэдэг. Стандарт хэмжил зүйн газар магадлан итгэмжлэл олгохдоо мөн хяналт тавьдаг.

-Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр олон улсын ямар стандартуудыг нэвтрүүлсэн бэ?
-Бид ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөж ажилладаг. Түүнээс гадна Хонконг улсад бидний гурван эмч, Германы MESh төслийн хүрээнд ХБНГУ-ын Эссэн хотын эмнэлэгт дөрвөн эмч очиж, туршлага судлаад ирсэн. ЭМСХХ-5 төслийн хүрээнд Канадын олон улсын нийгэмлэгтэй хамтран ажилласан юм. Эдгээр орнуудын туршлага, ДЭМБ, Европын холбооноос гаргасан заавар, зөвлөмж, удирдамжуудыг өөрийн орны нөхцөлтэй уялдуулан боловсруулан баримт бичиг болгон гаргаж хэрэгжүүлдэг.

-Цаашид та бүхэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Бид өмнө нь олон төсөл дээр ажилласан. ЭМСХХ-5 төсөл асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэснээрээ үр дүнд хүрлээ. Эхлээд барилгыг засаж, шинэ тоног төхөөрөмж суурилуулаад, тэдгээрийг хэрхэн ашиглах, үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулахыг вэ зэргийг ажилтнуудад зааснаар цогц ажил болсон юм.

Коронавирусын халдварын улмаас Азийн хөгжлийн банк ЭМСХХ-5 төслийг өргөжүүлэн, өнгөрсөн хавар нэмэлт санхүүжилт баталсан. Энэ хүрээнд бид лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч, сувилагч нарыг чадваржуулах сургалт явуулахаар төлөвлөж байна. Сургалтын хөтөлбөрөө боловсруулж дууссан. Манай хил залгаа хоёр улсад халдвар өндөр байгаа тул хил дагуух аймгуудын эмнэлгийн ажилтнуудад мөн сургалт явуулах зайлшгүй шаардлага бий.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа