Энтертайнмент
“Токио-2020” олимпыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгчөөр хатагтай Сейко Хашимотог томилов
“Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ёширо Мори хүйсээр ялгаварлан гадуурхаж хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйж огцорсон.
Тэгвэл олимпыг зохион байгуулах хорооны шинэ Ерөнхийлөгчөөр хатагтай Сейко Хашимотог томилжээ. Хашимото нь долоон удаагийн олимпод оролцсон медальт тамирчин, Японы баг тамирчдыг олимпын наадамд олон удаа тэргүүлсэн, “Токио-2020” олимпын сайд юм.
Түүнчлэн “Токио-2020” олимпын наадам хариуцсан шинэ сайдаар хатагтай Марүкава Тамаёо томилогдсон ба өдгөө 40 настай Т.Марукава нь улс төрд хөл тавихаасаа өмнө “Асахи” телевизийн хөтлөгч байсан юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах “Токио-2020” олимпын сайд, хатагтай Сейко Хашимото нь “Токио-2020” Зохион байгуулах хорооны Ерөнхийлөгчөөр томилогдсонд баяртай байна. Тэрбээр олимпын наадмын бэлтгэл ажлыг шувтаргын шийдвэрлэх өдрүүдэд улам бүр эрчимжүүлэх, “Ковид-19”-ийн эсрэг бүх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн, ЗБХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, ОУОХ-ны хамтын түншлэлийг нягтруулж, баталгаатай аюулгүй олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө онцгой анхаарлаа хандуулах нь дамжиггүй. “Токио-2020″ ЗБХ-ны тэргүүнээр эмэгтэй удирдагч томилогдсон нь хүйсийн тэгш эрхийн асуудлаар олон нийтэд чухал дохио өгсөн бөгөөд энэ нь ОУОХ-ны шинэчлэлийн хөтөлбөр бодлоготой яв цав нийцэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: МҮОХ