Энтертайнмент
Монголын биеийн тамир, спортын өнөө ба ирээдүй
Монголын нэр хүндийг олимпийн наадамд өндөрт өргөсөн спортын хэдхэн төрөл байдаг. Тэдгээр нь чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэдгийг спорт сонирхдоггүй хүн ч андахгүй тоочих байх. Тэгвэл дээр тоочсон спортын төрлийнх биш, бүр хаа байсан, монголчуудын хэзээ ч амжилт гаргахгүй гэж боддог багийн төрөлд хүчин зүтгэж явсан “хээгүй” гэнэ үү, “өндөр дарга” гэнэ үү, нэг тийм хүн улс орныхоо спорт, биеийн тамирын асуудлыг хариуцаж эхлэхэд түүнийг чадна гэдэгт хэр олон хүн итгэсэн бол.
Сагсан бөмбөгт олон залуусыг уруу татсан, хэдий Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгт хүч үзээгүй ч дэлхий даяар энэхүү спортын гайхамшгийг аялан тоглолтоороо сурталчлан таниулдаг алдарт “Harlem Globetrotters” шоу багт “Монгол” гэсэн нэрийг дэлхий даяар цуурайтуулсан хүн бол Цэрэнжанхарын Шаравжамц. Тэгвэл чухам энэ хүн спортын салбарыг аль нэг яамны харъяаллаас гарган шууд Ерөнхий сайдын мэдлийн агентлаг болгосныг анзаардаг хүн олон биш.
Сэтгүүлч миний бие Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд салбартаа хийсэн ажил болон ирэх дөрвөн жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлын талаар дэлгэрэнгүй яриулъя хэмээн уулзсан хэрэг. Ц.Шаравжамц дарга хэвлэлд ярилцлага өгөх цаг зав муутай хэмээн учирлав.
Хүний нүдэнд үл анзаарагдах мэт боловч, ерөнхийдөө спорт төдийгүй нийт биеийн тамир, спортын хөгжилд маш чухал энэ өөрчлөлтийг хийсэн Ц.Шаравжамцын өнгөрсөн дөрвөн жилд (2016-2020) хийж амжуулсан ажлын заримаас ийн товчлон хүргэхээр шийдлээ.
Биеийн тамир, спортын асуудал ямар нэг яамаар дамжих бус Монгол Улсын Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд орж, Биеийн тамир, спортын улсын хороогоор дамжин нэгдсэн босоо тэнхлэгийн удирдлагатай болсныг дээр дурдсан. Энэ нь товчдоо бол, биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудалд учир нь амар олдохгүй элдэв чирэгдлийг багасган аль яамны ямар түшмэлээр тодорхой төсөл, төлөвлөгөөг батлуулахыг ойлгомжтой болгосны сацуу, үүнд орон нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг ч тодорхой болсноор манай улсын нийт 330 суманд энэхүү асуудлыг хариуцсан орон тооны арга зүйчийг ажиллуулахаар болж, цалинг нь төсвөөс шат дараатай гаргахаар болсон юм. Биеийн тамир, спортыг хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх ажил манай улсад урьд өмнө ийн бодитой ажил болж байгаагүй билээ.Сумдын төвд залуус ямар нэг баяраар бүжиг эргэхээс цаашгүй байсныг спортын бүх төрлийн арга хэмжээнд оролцуулж, бие бялдрын хөгжил, эрүүл мэнддээ анхаарал тавих, цаашилбал авьяаслаг, ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх боломжийг давхар бүрдүүлж байна гэсэн үг юм.
Үүнээс гадна зарим спортын төрлийг хөгжүүлэхэд төрийн гүйцэтгэж байсан чиг үүргийг тухайн спортын холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлж, бие даасан байдлыг нь бүрдүүлсэн юм.
Түүнчлэн биеийн тамир, спортын мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг цаашид мэргэжлээр нь ажиллуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг шинжлэх ухааны үндэслэлтэй сайжруулах зэрэг судалгааны ажлыг өргөжүүлжээ.Биеийн тамирын багш, мөн дасгалжуулагчдын ажлыг үнэлэх явдал энэ арга хэмжээний үр дүнд эрс сайжирсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Түүний санаачлагаар спорт дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх, шударга бус өрсөлдөөн, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг эрхзүйн орчныг бүрдүүлсэн байна. Үүнтэй нийцүүлэн биеийн тамир, спортын үйл ажиллагаанд 10 сая хүртэлх төгрөгийн хандив өгсөн, спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлжээ. Үүнээс гадна спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн татвараас чөлөөлдөг болсон.
Дээрх өгүүлбэрүүдийг уншихад дэндүү албаны, нуршуу санагдаж болно.Гэвч дээр бичсэний утгыг задлан шинжилбэл Монголын спортын хөгжилд маш чухал шийдвэрүүдийг гаргасныг ойлгож болно.Юу гэвэл, улс орны маань спортыг авч явахыг дан ганц төр бус, хувийн хэвшлийнхэн ч хуваалцан авч явах боломжийг бүрдүүлсэн гэлтэй.
Засгийн газраас спортын барилга байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэлд анхаарал хандуулж 2017-2020 онд 83 спортын цогцолбор, заалыг ашиглалтад оруулснаар иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөл илт сайжирсан юм.
Он удаан жилээр хүсэн хүлээж байсан хөнгөн атлетикийн тартан зам, битүү дээвэртэй мөсөн ордон зэрэг олон улсын стандарт шаардлагыг хангахуйц спортын барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулах ажлыг чухамхүү түүний ажиллах хугацаанд барьж байгуулан, зарим нь ашиглалтад ороод байна. Үүнд:
Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Монгол Улсад анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн 400 метрийн тойрог зам, зээрэнцэг, бөөрөнцөг, жад, дүүгүүр, харайлтын талбай бүхий 2.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байгууламжийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоотой хамтран 2018 онд барьж ашиглалтад оруулсан.
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байрлах 400 хүний суудалтай усан бассейн, 500 хүний суудалтай спорт заал, жүдо, самбо бөх, гимнастик болон бүх төрлийн спортоор хичээллэх бэлтгэлийн заал, иж бүрэн агааржуулалтын систем, усан халаалттай 7.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй усан бассейн бүхий спорт цогцолборыг 2018 онд ашиглалтад оруулсан. Үүнийг би анх мэдэнгүүтээ маш их баярлаж билээ.Улсын нийслэлд хүртэл ховор байдаг усан бассейныг аймгийн төвд ашиглалтад оруулсан гэдэгт нь.Улиастайн эдгээр спортын танхим баруун бүсийн аймгуудад өмнө нь байгаагүй спортын олон төрлийн уралдаан, тэмцээн явуулах боломж бүрдүүлж байна шүү дээ.Тэр ч бүү хэл усан спортоор улсын хэмжээний тэмцээнийг зарим төрлөөр зохион байгуулах боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Монголын анхны олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй 200 үзэгчдийн суудалтай, 60м х 30м мөсөн гулгуурын талбай, 25 метрийн бассейн бүхий цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 2,600 хүртэлх үзэгчийн суудалтай, 60м х 30м мөсөн гулгуурын талбайтай бүхий “Мөсөн өргөө” өвлийн спортын ордныг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулна.
Дашрамд дурдахад, манай хоккейчид бор зүрхээрээ задгай талбайд тоглон бэлтгэл сургуулилт хийсээр өнөөг хүрсэн ч тэд ДАШТ-д өөрийн ангилалдаа санаанд оромгүй амжилт гаргасаар ирсэн билээ. Тэгвэл хиймэл мөстэй битүү дээвэртэй ордонтой болбол манай хоккейчид төдийгүй уран гулгалт, шорт-трек зэрэг өвлийн бусад тамирчдын амжилтыг ахиулахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Үүнээс гадна нийт 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног, төхөөрөмж хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Уг тогтоолын хүрээнд 2020 онд 46 аж ахуйн нэгж, таван иргэний импортолсон нийт 2,8 сая ам.долларын үнэ бүхий спортын зориулалттай тоног, төхөөрөмж, хэрэглэлд ногдох 379,2 сая төгрөгийг гаалийн албан татвараас чөлөөлсөн байна.
Спортыг дэмжих сангийн 964 сая төгрөгийн санхүүжилтээр 2018 онд анх удаа “Иргэдийн спортын наадам”-ыг улсын хэмжээнд таван спортын төрлөөр 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хороодоос 79,706.0 иргэдийг хамруулан зохион байгуулж, спортын хэрэглэл материалаар хангажээ.
Ц.Шаравжамцыг ажлаа авахаас өмнө буюу 2016 он гэхэд 16 спортын төрлөөр үндэсний шигшээ багийг бүрдүүлж байсан бол дөрвөн жилийн дараа спортын зургаан төрлийг нэмэгдүүлэн манай улсын түүхэнд хамгийн олон буюу 22 болж өргөжсөнийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Энэ хугацаанд үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан.Үүнээс өмнө манай улсын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид сард ердөө 350-500 мянган төгрөг цалинтай байсныг хүмүүс мэдэхгүй бөгөөд гайхах байх.Тэгвэл дэлхийд улс орноо төлөөлөн тэмцдэг үндэсний шигшээ багийнхны маань цалинг Ц.Шаравжамц хөөцөлдсөөр байгаад өнгөрсөн оноос 600-700 мянган төгрөг болгон нэмэгдүүлж чадсан билээ.
Манай спортод хэзээнээс хоцрогдож явсан ганц зүйл бол эл салбарын анагаах ухаан, эрдэм шинжилгээний асуудал байсаар ирсэн.Үүнээс болж манай тамирчид хохирч явсан нь бас бий.Тэгвэл “Өндөр дарга” Шараваагийн үед Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг байгуулснаар спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний асуудал нэг шат ахисан билээ.Үүний үр дүнд хэдхэн хоногийн өмнө Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн их дуулга тэмцээнээс манай баг тамирчид бахдам амжилт байгуулан багийн дүнгээр байрт орсон явдал.
Биеийн тамир, спортын салбарын судалгаа шинжилгээ, анагаах ухааны чадавхыг сайжруулах зорилгод 2017-2020 онд 947.0 сая төгрөгийн 12 нэр төрлийн сэргээн засах эмчилгээний болон судалгаа, шинжилгээний тоног төхөөрөмжийг худалдан авчээ.
Хэрэгтэй юманд гар татахгүй байхыг шаардсаны хүчинд спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нь биеийн тамир, спортоор хичээллэгч иргэн болон тамирчдад спортын гэмтэл бэртэл, сэргээн засах эмчилгээ хийх зэрэг шинжилгээ, судалгааны ажлыг олон улсын жишгийн дагуу хийдэг боллоо.
Ц.Шаравжамц улс орныхоо биеийн тамир, спортын салбарыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд удирдахдаа олон шинэлэг зүйлсийг санаачилж амьдралд хэрэгжүүлснийг цухас төдий дурдахад ийм буюу.
Тэгвэл одоо Биеийн тамир, спортын улсын хорооноос ойрын дөрвөн жилд (2021-2024 онд) хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонордуулъя. Маш их ажил төлөвлөснөөс надад хамгийн чухал санагдсан хэдийг дор дурдмаар байна.
Иргэд бид нарт нэг их чухал биш санагдсан байж боловч Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулсан нь маш их ач холбогдолтой.
Тэрхүү хуульд иргэдийн бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар тогтоож, мөрдүүлэх, насны бүлэг, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Үүний үр дүнд орон зайны хувьд аймгийн төвөөс алслагдсан сумдад биеийн тамир, спортын ажил үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан спортын заалны үйл ажиллагааг сайжруулан иргэдийн биеийн тамир, спортоор шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн арга зүйгээр ханган хичээллүүлэх боломж бүрдэх юм байна.
Энгийн үгээр хэлбэл, манай улсын хамгийн алслагдсан газар ч биеийн тамир, спортын мэргэжлийн хүн цалинтайгаар ажиллаж эхлэх ба ингэснээр, иргэдийн эрүүл мэнд сайжрахаас гадна спортын аль ч төрөлд ирээдүйтэй тамирчин гарч ирэхийг урьдчилан нээх боломж бүрдэх юм. Биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, үйлчилгээг цахимжуулах, үндэсний спортыг сурталчлах ажлыг бий болгох асуудлыг тусгасан нь мөн чухал хэмээн санагдана.Энэ нь спортыг, тэр тусмаа үндэсний спортын төрлүүдийг таньж мэдүүлэхэд тустай.
Үүнээс гадна үндэсний спортын зургаан төрлөөр тэмцээн зохион байгуулах, мянга гаруй хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай спортын төв байгуулах техникийн ажлын даалгавар боловсруулж байна.
Монголчуудын хамгийн их хүсэн хүлээсэн нэг зүйл бол мэдээж, орчин үеийн ямар ч шаардлага хангахаа больсон төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх явдал.Тэгвэл, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмыг зохион байгуулах шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн 30.000-40.000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж ашиглалтад оруулах явдлыг тусгасан байна. Монгол хүн бүхний мөрөөдөл болсон тэрхүү цэнгэлдэх хүрээлэн үндэсний их баяр наадмаас гадна улсын болон олон улсын хэмжээний спортын төрөл бүрийн тэмцээн, наадам зохион байгуулах, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар төлөвлөж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр барьж байгуулахаар тогтоосон ажээ. Гэвч Нийслэлийн Засаг даргын зүгээс олгосон газар нь маргаантай байгаа тул Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн иж бүрэн ажлын зураг төслийг /ТЭЗҮ/ боловсруулах ажил зогссон нь харамсалтай.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс гадна монголчуудад спортын өөр нэгэн өргөө бий. Тэр бол мэдээж, Спортын төв ордон. Чухам энд Монголын бүх олимп, дэлхийн болон тивийн аваргууд өсөж өндийсөн билээ.
Тэгвэл тэрхүү ордон 1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдаж ашиглалтад орсон ба жилд улс, олон улс, тив, дэлхийн 140 гаруй тэмцээн явуулах, жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид 7000 цагийн бэлтгэл дасгалжуулалт хийх бэлтгэлийн 7 заал, албан тасалгаа бүхий 8165 м.кв нийт талбайтай, 7700 м.кв ашигтай талбайтай юм.
Даанч Спортын төв ордны барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр ч удаа гаргажээ. Иймээс, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гадаад улсын буцалтгүй тусламжаар цоо шинэ Спортын төв ордныг бариулах ажлыг эхлүүлэхээр тусгасан байна. Мөн түүнчлэн нийслэлийн болон Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх спортын цогцолборын ажлыг үргэлжлүүлэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Дээрх спортын цогцолборуудад Монголд маань урьд өмнө өдрийн оч шиг цөөн байсан усан бассейныг багтаасан нь олзуурхууштай.
Зөвхөн их спорт бус, иргэн бүхэнд хамаатай, тэдний бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар тогтоож мөрдүүлэх, насны бүлэг, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг тусгасныг бас дурдах нь зүйтэй болов уу. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн санаачлагаар 2020 онд хэрэгжиж эхэлсэн “Хүчирхэг монгол” арга хэмжээ нь улс даяар нийт хүн амын дунд нийтийн биеийн тамир болон спортод хандах хадлагыг өөрчлөх зорилгын хүрээнд олон талт арга хэмжээг өрнүүлж байгаа юм байна.
Тухайлбал, “Цахим гүйлт-2021” арга хэмжээ нь энэ хүрээнд ”Хүчирхэг монгол” төслийн хүрээнд болох хамгийн ойрын хугацаанд хийх ажлын нэг гэнэ. Үүнээс гадна биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, үйлчилгээг цахимжуулах, үндэсний спортыг сурталчлах тал дээр их ажил төлөвлөжээ.
Аль ч улсын спортын амжилт мэдээж хэрэг залгамж халаагүйгээр бүтэхгүй. Ийм ч учраас тив, дэлхийн түвшинд өрсөлдөх залуучуудын шигшээ багийг байгуулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө төсөвлөсөн байна. Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ умартаагүй ажээ.Тэдний биеийн тамирын дасгал, сургуулилтад зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барихад БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг мөн тусгажээ. Тус хорооны төлөвлөгөөнд түүнчлэн нийслэлийн спортын сургалттай дунд сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулах юм байна. Үүнээс гадна нийслэлийн Налайх, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэдэд үйлчлэх усан бассейн бүхий спортын цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв байгуулах ажлыг улсын төсөвт тусгахыг хүссэн байна.
Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт үзүүлэх спортын анагаах ухааны тусламж үйлчилгээ, спортын сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд судалгаа шинжилгээний дэд бүтцийн сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд зохих төсөв гаргахыг хүссэн гэдгийг мөн дурдах нь зүйтэй биз ээ.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны хийж гүйцэтгэсэн, цаашид төлөвлөсөн ажлыг тус дурдахад ийм байна.Юутай ч Ц.Шаравжамц тэргүүтэй энэхүү багт улс иргэдийнхээ биеийн тамирын хөгжил, эх орноо спортын тавцанд дэлхий дахинаа цуурайтуулахад “өндөр” амжилт хүсье ээ.
Биеийн тамир, спорт мандтугай! Уухай!
Д.ЖАВХЛАН