Энтертайнмент
Хөлбөмбөгийн ирээдүй “Норвег Викинг” Эрлинг Холанд
Одоо дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн гялалзаж байгаа од хэн бэ? Роналду юу, Месси юу? Үгүй дээ, тэд хааны суудлаас буусан. Харин хөлбөмбөгийн ирээдүйг дараагийн 10 жилд авч явахаар зэхэж байгаа нэгэн тоглогч байгаа нь 20 настай норвег залуу Эрлинг Холанд юм. Энэ жил тэр дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгч болсон ч ирэх жилээс тэр зөвхөн жинхэнэ “Алтан бөмбөг” шагналыг л тоох болно.
Германы Бундеслигийн Борусси Дортмунд багт анхны тоглолтоо хийхдээ тэр сэлгээгээр гараад шууд л гурван гоол оруулсан. Германы лигт хет-трикээр гараагаа эхэлсэн тоглогч лигийн түүхэнд долоохон байдаг. Хамгийн сүүлд Обамеянг 2013 онд энэ амжилтыг үзүүлсэн байдаг. Холанд энэ ялалтынхаа дараа “Би энд гоол хийхийн төлөө ирсэн. Өнөөдөр би сэтгэл хангалуун байна. Энэ л хамгийн чухал нь” гэж даруухан хариулж байв.
Энэ авьяаслаг залуугийн талаар үнэнийг хэлэхэд бид 2019 оны залуучуудын ДАШТ-д Хондурасын хаалганд 9 гоол оруулсны дараа л ярьж эхэлсэн. Тэр тэмцээнд Эрлинг дахин гоол хийгээгүй ч “Шилдэг мэргэн бууч”-ийн хэргэмийг хүртсэн билээ.
Уг нь түүний талаар хөлбөмбөгийн ертөнц эрт мэдэх боломжтой байлаа. Эрлинг 2000 онд Английн Лидст төрсөн. Тэр үед тус хотын багт аав Альф-Инге Холанд нь тоглож байв. Хүүгээ төрсний дараа Альф-Инге “Манчестер Сити” багт шилжиж, мэдээж хэрэг “Манчестер Юнайтед” багийн заналт дайсан болон хувирсан юм. Нэг хотын хоёр багийн тулаан бараг л дайн болдог байлаа. Аав Холанд Юнайтедийн эсрэг нэгэн тоглолт дээр Рой Кинийг хүнд гэмтээсэн билээ. Өрсөлдөгчөө баашилж байна гэж үзсэн Холанд түүнийг унасан хойно нь янз бүрээр хашхиран загнаж байлаа. Харин үүний хариу жилийн дараа ирсэн юм. Рой Кин найман сар эмчлүүлээд талбайд гарахдаа өсөө авах талаар бодсоор байлаа. Ээлжит тойргийн тоглолт дээр Манчестер хотын хоёр баг учраа таарлаа. Энэ тоглолтод Кин санаатайгаар Альф-Ингегийн хөлийг хугалах дөхсөн билээ. Альф-Инге энэ гэмтлээс бүрэн эдгэрч амжилгүй байсаар зодог тайлсан. Харин Кин дараа нь намтартаа Холандыг хэрхэн санаатайгаар гэмтээснээ ид хав болгон бичсэн байдаг. Тийм ч учраас хорин жилийн дараа залуу Эрлинг Холандыг “Манчестер Юнайтед” худалдан авах гэж оролдоход норвег залуу татгалзсан хариу өгсөн нь ойлгомжтой.
Гучин настайдаа зодог тайлсан аав нь өөрийн хүрч амжаагүй мөрөөдөл, зорилгодоо хүүгээ хүргэхээр шийдэж, хөлбөмбөгч болголоо. Хүү аавынхаа хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн Брюнегийн академид хичээллэж эхэлжээ. 15 настайдаа Норвегийн хоёрдугаар дивизионы багт элсэв. Энэ үед түүнийг Хойд Европын хөлбөмбөгийн хэдэн шинжээч л таньдаг байлаа. Эрлинг 16 настайдаа 2017 оны өвөл Оле-Гунар Сульшерийн удирддаг Мольде багт шилжлээ. Норвегийн хөлбөмбөгийн домгийн удирдлага дор Эрлингийн авьяас чадвар жинхэнэ цэцэглэсэн гэхэд болно. Сульшер түүнийг жинхэнэ мэргэн бууч болгон өсгөсөн. Эхний улирал 25 тоглолтод оролцож, 12 гол оруулсан гэдэг жаахан хөвгүүний хувьд том амжилт. Европын лигийн урьдчилсан шатанд Бранны хаалганд дөрвөн гоол оруулж байхад нь санамсаргүй тохиолдлоор “Манчестер Юнайтед” багийн шинжээчид үзээд сууж байв. Авьяаслаг залуу хүүг багтаа элсүүлсэн нь дээр гэдгийг тэд багийн эздэдээ батлах гэж байх хооронд Мольде баг залуу хүүг Австрийн Зальцбург багт таван сая еврогоор зарсан байлаа. Шинэ багт очсон эхний үедээ тэр бараг талбайд гарсангүй. Буруу баг сонгов уу? Үгүй, шинэ улс, нөхцөлд дасан зохицох цаг хэрэгтэй байв. Зальцбург залуучуудтай ажиллаж сурсан баг. Кейт, Минамино нарын чадварыг хөгжүүлээд том багуудад зарсан энэ баг Холандыг бөөцийлж эхэллээ. Холанд ч ачийг тусаар хариулж, гоолыг хур бороо мэт асгаруулж эхэлсэн юм. Цомын тэмцээнд анх оролцохдоо 3 гоол хийсэн бол Лигийн анхны тоглолтод мөн л гоол, Аваргуудын лигийн анхны тоглолтдоо гурван гоол. Европын хамгийн том тэмцээнд анх оролцохдоо хет-трик хийж байсан хүн түүнээс өөр үгүй. 19 настай Холанд ийнхүү рекорд тогтоох замдаа орсон юм.
Шаргал үст норвег залуугийн араас дэлхийн том багууд хөөцөлдөж эхэллээ. Тэр бараг тоглолт бүртээ гоол хийж байлаа.
Австрийн Бундеслиг – 14 тоглолт, 16 гоол (3 хет-трик)
Австрийн Цом – 2 тоглолт, 4 гоол (1 хет-трик)
Аваргуудын лиг – 6 тоглолт, 8 гоол (1 хет-трик)
МЮ, Ювентус зэрэг томчууд олон саяын гэрээ санал болгон, гэрийнх нь хаалгыг сахиж байсан ч залуу хүү Германы Борусси Дортмундыг сонголоо. Яагаад ийм баг сонгов гэж гайхсан нийтлэл хэвлэлээр олон гарч байв. Харин Холанд “Би энэ багт л ирэхийг хүссэн. Цэнгэлдэхэд 80 мянган үзэгчийн өмнө тоглоно гэдэг гайхамшиг. Уур амьсгал нь ч сайхан” гэж ярьж байв. Холанд том багийн сэлгээнд суухаас дундаж багт байнга тоглохыг хүссэн. Мөн тус баг залуучуудтай ажиллаж чаддаг нь таалагдаж, Герман, Австрийн хөлбөмбөгийн төстэй талууд дасан зохицоход нь тус болно гэдгийг ойлгож байв.
19 настай залуу хүү аажмаар хөгжин дээшлэх замыг сонгосон ч асар их амбицаа орхиогүй нь мэдээж. РБ Зальцбург баг залуу одоо Дортмундад дөнгөж 20 сая еврогоор зарсан. Гэхдээ үүн дээр нэмэгдээд түүний аавд 10 сая, агент Мино Райолад 15 сая евро оногджээ. Нийт дүн 45 сая евро. Харин яг одоо түүний үнэ 100 сая евро болон өссөн байгаа. Дортмунд дахь түүний жилийн цалин 8,5 сая евро. Дортмундад хийсэн эхний тоглолтдоо л тэр гурван гоол оруулж, хөгжөөн дэмжигчдийн зүрхийг татаж чадсан юм.
Эрлинг Астор гэдэг ах, Габриэль хэмээх дүү охинтой. Аав Альф-Инге, ээж Игре Марит нар тансаглах дургүй, эгэл жирийн хүмүүс. Тэд олон нийтийн арга хэмжээнд очдоггүй, ярилцлага өгөөд байдаггүй. Эрлинг ч мөн адил. Тэдний гэрбүлд инстаграмаар баян тансагаа гайхуулаад байдаг хүн байхгүй. Эрлингийн инстаграм хуудсыг 1,1 сая хүн дагадаг. Тэд түүний хуудаснаас хөлбөмбөг, анд найзуудтайгаа авхуулсан зураг л харахаас биш ганган хээнцэр зүйл үзэхгүй. Үнэтэй ресторан, машин, гадаад улс орнууд, шивээс, алт мөнгө байхгүй. Тэдний гэрбүлийн хүмүүжил ийм юм. Холанд өнгөрсөн зуныхаа амралтаар шөнийн клубт орсон мэдээ хэвлэлээр гарахад аав нь “Эрлинг чамд том хотын шөнийн амьдрал зохихгүй. Ажилдаа буцан ор” гэж дуудсан. Удалгүй Эрлинг мод хагалж байгаа зургаа инстаграмдаа оруулан, өвлийн бэлтгэл эхэллээ гэж бичсэн байлаа. Ийм л дуулгавартай хүү дээ.
Эрлингийн дуртай дуу Аваргуудын лигийн сүлд дуу. Багаасаа сонсож өссөн энэ аяыг цэнгэлдэх хүрээлэнд сонсож байгаадаа одоо ч итгэдэггүй гэж тэр нэгэнтээ ярьж байв.
Сульшер түүний тоглолтыг Бельгийн од Лукакутай адилтгаж байсан бол бусад нь Холандыг шинэ Ибра гэж нэрлэж байв. Адилхан өндөр нуруу, ижилхэн скандинав гарал, гоол хийх ур чадвар гээд нээрээ ч Ибрагимовичтой ижил зүйл түүнд олон. Холанд “Би олон хөлбөмбөгчөөс үлгэр жишээ авдаг байсан. Гэхдээ Златан Ибрагимович хамгийн шилдэг нь” гэж түүнийг шүтэн биширдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Гэхдээ одоо тэр шинэ Ибра, шинэ Роналду болохыг хүсэхгүй байна. Харин өөрөө замаа нээж, хүүхэд багачууд шинэ Холанд болохыг хүсээсэй гэж мөрөөдөж байгаа.