Нийгэм
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Харин салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.