CRI Монгол радио
Хятадын хүн амын дундаж наслалтыг ажиглахад
Энэ оны 3-р сарын 5-нд, Ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь Хятадын гол зорилтуудын талаар танилцуулахдаа, “Ирэх таван жилд хүн амын дундаж наслалтыг дахин нэг нас нэмэгдүүлнэ” гэж онцлон тэмдэглэв. Энэ нь олон хүний анхаарлыг татаж, халуун хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол улсын мэдээллийн гол вэбсайт уг мэдээг мэдээлсэн байна.
Хүн амын дундаж наслалт нь тухайн улс орны нийгмийн хамгаалал, хүмүүсийн амьжиргаа, халамжийн хамгийн шууд тусгал болохоос гадна иргэн бүрийн ирээдүйн амьдралын хүлээлт болж байгаа юм. БНХАУ байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн турш Хятадын Коммунист Нам ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тууштай ажиллаж, Хятадын эдийн засгийн хөгжлийн түвшин, эмнэлгийн үйлчилгээний түвшин, боловсролын түвшин, амьдралын хэв маяг зэрэг олон тал асар их ахиц дэвшилд хүрч, иргэдийн эрүүл мэндэд бодит үр ашгийг авчирчээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага жил бүр дэлхийн 194 улс орон, бүс нутгийн эрүүл мэнд, эмчилгээний салбарын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, “Дэлхийн эрүүл мэндийн статистикийн тайлан” -г гаргадаг уламжлалтай, үүнд хүний дундаж наслалт, нас баралт, эрүүл мэндийн үйлчилгээний систем зэрэг 9 талын агуулга багтаж байна. Энэхүү үзүүлэлтээр Хятад улс хөгжиж буй орнуудын тэргүүн эгнээнд явж байгаа юм. Харин шинэ Хятад улс байгуулагдах үеэр Хятадын оршин суугчдын дундаж наслалт нь 35 настай байсан бол хожим нь жилээс жилд нэмэгдэж, 2020 онд 77 нас болжээ.
Хятад улсад олон хүн бага байхдаа нэг төрлийн “чихртэй үрэл эм” идэж байсан юм. Энэ нь хүүхдийн саа өвчин буюу полиомиелитээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. 1950-иад онд энэхүү өвчин Хятадад их дэлгэрч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд “полиомиелит вакцин” -ыг боловсруулж, улмаар улс орон даяар өргөнөөр ашиглав. Ийнхүү 1960-аад оны дунд үе гэхэд полиомиелит өвчний тохиолдол эрс буурчээ. Өнөөдөр Хятад улсад 15 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх 14 вакцин байгаа бөгөөд олон хүнийг өвчнөөс хамгаалахын тулд улсаас зарим вакциныг үнэ төлбөргүй хийлгэж байна.
Дэлхийн хэмжээнд “Ковид -19”-ний халдвар дэлгэрснээс өнөөг хүртэл, Хятад улс 5 төрлийн вакциныг судлан үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл олгоод байна. 3-р сарын 28-ны албан ёсны мэдэгдэлд Хятад улс дотооддоо 100 сая тун вакцин хийлгэж, гадаадад 100 сая тун вакцин нийлүүлсэн гэж мэдэгджээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлснээр энэхүү цар тахал нь Хятадын дундаж наслалтад төдийлөн нөлөөлөөгүй юм.
Мэдээж, дундаж наслалт нэмэгдэх нь хувийн амьдралын зан дадгал, эрүүл мэндэд анхаарал хандуулах эсэхээс ихээхэн хамаарна. Сүүлийн жилүүдэд Хятад улс оршин суугчдынхаа хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийг хангахын тулд маш их хүчин чармайлт гаргаж, ингэснээр ард түмний хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл хооллолтын байдал ихээр сайжирчээ. Иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд эрүүл мэндийн даатгал нь хотын оршин суугчдыг хамрах төдийгүй хөдөө орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй ажиллаж, оршин суугчдын эмчилгээний ачааллыг ихээхэн бууруулсан байна.
Үүнээс гадна, иргэдийн амьжиргааны төвшин дээшлэхийн хэрээр спорт фитнес хийх хүний тоо улмаар олшров. Олон муж хот, хөдөө орон нутагт эрүүл мэндийн боловсролыг үндэсний боловсролын системд хамруулж, үндэсний хоол тэжээлийн төлөвлөгөө байнга сайжирсаар байна.
Сэтгэл санаа тайван өөдрөг байх нь эрүүл мэндийн үндэс суурь. Амьдралын нөхцөл сайжирч, хүмүүсийн аз жаргалын мэдрэмжийг улам бүр нэмэгдүүлж байна. Ажил амьдралын таатай нөхцөлд оршин суугчдын наслалт цаашид нэмэгдэх боломжтой болжээ.
Хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой нийгмийн настайчуудын асрамжийн асуудалд чиглүүлэн, Хятадын үйлчилгээний салбар, аж үйлдвэржлэлт хөгжсөөр байна. 2018 оны сүүлчийн байдлаар, Хятадын олон нийтийн ахмадын асрамжийн газрууд нь бүх хот суурин хороолол болон хөдөө орон нутгийн 50 гаруй хувийг хамрав. Ахмад настны асрамжийн газрыг гэрт суурилсан, олон нийт ба тусгай зохион байгуулалттай үйлчилгээний системтэй хөгжүүлж байна.
Улс орны хөгжлийн хамгийн бодит үр дүн нь хүмүүст байдаг бөгөөд хамгийн тогтвортой хөдөлгүүр хүч нь ч иргэд юм. Ирээдүйд Хятад улс нийгмийн хамгаалал, анагаах ухааны дэвшилтэт технологи, экологийн таатай нөхцөл байдлыг илүү сайн хангаж, хүн бүр эрүүл, аз жаргалтай амьдрах болно гэдэгт итгэл дүүрэн байна.