Улс төр
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой Үндсэн хуулийн цэцийг байгуулах, түүний гишүүнийг томилж, чөлөөлөх асуудалд Улсын Их Хурал дур зоргын байдлаар хандах, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх боломжгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, “Хориг тавих тухай” албан бичгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ТАВИХ ҮНДЭСЛЭЛ:
1.Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүсэхэд тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн …25.8-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасан тул Ж.Эрдэнэбулганыг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биш Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нь гаргаж, илэрхийлэх нь хууль ёсны болно.
3.Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран ажиллах хүсэлтээ Улсын дээд шүүхэд илэрхийлсэн боловч нийт шүүгчдийн хуралдаанаар дэмжээгүй байх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр ч удаагийн санал хураалтаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзжээ. Энэ нь Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Д.Солонгын оронд томилох хууль зүйн тодорхой үндэслэл болно гэж үзэж байна.
4.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн …гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчиж, Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд огт нийцэхгүй байна.