Улс төр
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарлалаа
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчөөр нэр дэвшинэ гэдгээ өчигдөр /2021.04.23/ “Clubhouse”-т зарлалаа.
Тэрбээр “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх намын дотоод сунгаанд би баримт бичгээ бүртгүүлнэ. Яагаад гэвэл үүссэн нөхцөл байдал, шийдэл болгох гэж байгаа гаргалгаа энэ бүх зүйлийг харж байхад би үүнд оролцож, нэр дэвшихээ илэрхийлэх нь зөв юм байна гэсэн итгэл үнэмшил суусан” гэв.
Ринчиннямын Амаржаргал нь Монгол Улсын Их Хуралд ардчилсан хүчин олонх болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон юм. 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд боломж олгох гэх шалтгаанаар өөрийн нэрийг сайн дураар татсан байдаг.
Р.Амаржаргал 1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Гадаад хэргийн яамны сайдаар томилогдон ажиллаж, 1999 оны долоодугаар сард Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр 38 настайдаа томилогдон ажиллаж байсан юм.