Дэлхий
Өмнөд Солонгос бүрэн дархлаажсан хүмүүст 14 хоногийн тусгаарлалт үйлчлэхгүй болж байгааг зарлажээ
Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр 14 хоног тусгаарлах журам бүрэн дархлаажсан хүмүүст ирэх сарын эхнээс үйлчлэхгүй болж байгааг зарлажээ.
Гэхдээ шинэ журам нь зөвхөн Өмнөд Солонгост хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулсан гадаадын болон дотоодын иргэдэд үйлчлэх ажээ. Тус улсад Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson вакцинуудад зөвшөөрөл олгоод байгаа.
Харин Оросын Спутник V, Хятадын Sinopharm зэрэг вакцинуудаар дархлаажсан гадаадын иргэдэд шинэ журам үйлчлэхгүй ажээ.
Шинэ журмаар тавдугаар сарын 5-наас эхлэн гадаад орнуудаас ирж байгаа болон халдвар авсан хүний ойрын хавьтал болсон хүмүүс хэрвээ бүрэн дархлаажсан бол 14 хоног тусгаарлагдахгүй.
Гэхдээ тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх ёстой гэнэ.
Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараа бүрэн дархлаажсанд тооцож байгаа.
Өмнөд Солонгост хэрэгжиж буй одоогийн журмаар гадаадаас тус улсад ирсэн хүмүүс 14 хоног тусгаарлагддаг. Мөн халдварын тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс өөрийгөө 14 хоног тусгаарлах үүрэгтэй юм.
Өмнөд Солонгосын эрх баригчид цаашдаа бусад улс орнуудын засгийн газартай хэлэлцэж, тохиролцсоны үндсэн дээр журмынхаа хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Бразил, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа орнуудаас ирж буй иргэдэд шинэ журам үйлчлэхгүй юм байна.
Эх сурвалж: Yonhap News