CRI Монгол радио
Хятад шинэ сансрын станцынхаа эхний хэсгийг хөөргөлөө
Хятад улс шинээр барьж буй сансрын станцынхаа эхний бөгөөд хамгийн чухал хэсгийг задгай сансарт гаргалаа. “Long March-5B” цойлуураар хөөрсөн “Tianhe” гэх хэсэг нь сансрын станцад ажиллах багийн гишүүдийн амьдрах байр байх юм.
2022 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Хятадын сансрын станц нь дэлхийн тойрог замд байрлах хоёр дахь станц болно. Тус улс одоогоор ажиллаж буй цорын ганц станц болох Олон улсын сансрын станцад үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдсэн билээ.
2003 онд анхны хүнээ сансарт гаргасан Хятад улс үүнээс өмнө хоёр ч удаагийн туршилтын станц хөөргөсөн. “Tiangong-1”, “Tiangong-2” гэх тэдгээр станцуудад сансрын нисэгч богино хугацаанд байх боломжтой байв.
340-450 км-ын өндөрт дэлхийг тойрон эргэх сансрын станцыг барихад дахин 10 орчим хэсгийг хөөргөхөөр төлөвлөж байна.
ОХУ, АНУ, Европ тив, Канад, Япон улс үйл ажиллагаа явуулдаг ОУСС-ын ашиглалтын хугацаа 2024 онд дуусна. Энэ үед “Tianhe” нь ажиллагаатай цорын ганц сансрын станц болж үлдэх юм.
Түүнчлэн Хятад улс ОХУ-тай хамтран ОУСС-аас хэд дахин том станцыг саран дээр барихаар тохирсон ба үүнийхээ эхлэлийг тавьж сарнаас дээж авчраад хэдхэн сар өнгөрч байна. 2019 онд сарны алслагдсан хэсэгт хайгуулч робот буулгасан Хятад улс сансрын орон зайд ноёрхлоо тогтоохоор санхүүжилт, анхаарлаа төвлөрүүлж байна.
Эх сурвалж: BBC