Дэлхий
Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүний тоо 130 хүрчээ
ТОКИО. /NHK/. Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцны тавцан дээрх өөр 60 хүний коронавирусний шинжилгээ эерэг гарснаар нийт халдвар авсан зорчигчийн тоо 130 хүрсэн талаар Японы Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ.
“Diamond Princess” нэртэй аяллын хөлөг онгоцыг энэ сарын 19 хүртэл хөл хорионд оруулсан бөгөөд хөлгийн тавцан дээр 50 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 3700 орчим хүн байгаа юм.
Хонконгийн 80 настай оршин суугч энэхүү хөлөг онгоцоор зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар уг онгоцыг хөл хорионд оруулжээ. Уг зорчигч өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Токиод ирж, дээрх хөлөг онгоцонд 20-нд сууж, 25-нд Хонконгт буусан байна.
Хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан зорчигчдын тоо нэмэгдсэнээр Японд бүртгэгдсэн уг халдварын тохиолдлын тоо 150 давжээ. Хятадад шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо өнөө өглөөний байдлаар 40171 хүрч, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 908 хүн нас баржээ.