CRI Монгол радио
Малави улс хадгалалтын хугацаа нь дууссан олон мянган тун Covid-19 вакцинаа устгажээ
Африк тивийн Малави улсын засгийн газар өчигдөр хугацаа нь дууссан 19,610 тун АстраЗенека вакциныг устгажээ.
Ингэснээрээ тус улсын эрх баригчид иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.
Африк тивээс анх удаа Малави улс ийнхүү шаардлага хангахгүй болсон коронавирусийн эсрэг вакциныг устгаж байгаа юм.
18 сая хүн амтай тус улсад коронавирусийн халдварын 34,232 тохиолдол бүртгэгдэж, 1,153 хүн нас бараад байгаа.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага эхэндээ хугацаа нь дууссан вакциныг устгалгүй хадгалахыг зөвлөж байсан ч сүүлд зөвлөмжөө өөрчилж, зөвшөөрөх болсон юм.
Малави улс гуравдугаар сарын 26-ны өдөр Африкийн Холбооны шугамаар 102,000 тун АстраЗенека вакцин хүлээж авсныхаа 80 орчим хувийг ашиглажээ.
Гэвч вакцины хадгалалтын хугацаа дөрөвдүгээр сарын 13-нд дуусч, хэрэглэж амжаагүй тунгууд үлдээд байв.
Тус улс Африкийн Холбооноос хуваарилснаас гадна Covax хөтөлбөрийн хүрээнд 300,000 тун вакцин хүлээж авчээ.
Гэвч сүүлийн үед хадгалалтын хугацаа дууссан вакцин тарих гэж байна гэсэн мэдээлэл нийтэд тарснаас болоод дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо цөөрсөн гэнэ.
Эх сурвалж: BBC