Энтертайнмент
Испанийн эрдэмтэд Христофер Колумбийн гарал үүсэлтэй холбоотой маргаанд цэг тавихаар ажиллаж эхэлжээ
Америк тивийг нээсэн хүн гэгддэг Христофер Колумбийн жинхэнэ гарал үүслийг орчин үеийн ДНХ шинжилгээний аргаар тогтоох ажлыг Испанийн эрдэмтэд эхлүүлжээ.
Ихэнх эрдэмтэд нэрт аялагчийг Женова хотод төрсөн Итали хүн гэдэгт итгэдэг. Гэхдээ зарим судлаачид түүнийг Испани, Португаль хүн байсан гэж маргадаг байна.
Судалгааг ахалж буй Гранадагийн их сургуулийн эрдэмтэн Хосе Антонио Лоренте “Бид түүнийг Итали хүн гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ үүнийг баталж, бусад үзэл онолуудад цэг тавих хэрэгтэй” гэж ярьжээ.
Колумбийг 1451 онд Италийн Женова хотод төрж, Испанийн хаадын санхүүжилтээр Америк тивийг нээх аялалд гарсан хүн гэж ихэнх түүхчид үздэг.
Харин зарим эрдэмтэд түүнийг Испанийн Валенсиа, Эспиноза де Энарес, Галисиа, Маллорка мужуудын аль нэгт төрсөн, зарим нь Португалийн Алентехо нутгаас гаралтай гэж үздэг байна.
Эрдэмтэд Колумбийн өөрийнх нь болон хүү Фернандогийн, дүү Диегогийн шарилын үлдэгдлээс дээж авч, Европ, Америкийн хараат бус лабораториудад шинжлүүлэхээр болжээ.
Шинжилгээний үр дүнг энэ оны аравдугаар сард зарлахаар төлөвлөсөн байна.
Колумбийнхны биологийн материалуудыг бүр 2004-2005 оноос эхлэн цуглуулсан ч найдвартай тогтоох технологийн хүч чадал хангалтгүй байснаас 16 жил хүлээсэн юм байна.
“Манай багийнхан асуудалд ёс зүйтэй хандаж, технологийн хөгжлийг хүлээсэн. Харин одоо цаг нь ирж байна” гэж Лоренте ярьжээ.
Христофер Колумби 1506 онд Испанийн Валладолид хотод нас барсан ч өөрийнх нь захиасын дагуу 1542 онд Карибын тэнгисийн Испаниола аралд шилжүүлж оршуулсан байна. Одоо уг арал дээр Доминиканы Бүгд Найрамдах Улс, Хайти улсууд оршдог.
Дараа нь 1795 онд шарилыг нь Куба аралд, 1898 онд Испанийн Севилл хотод шилжүүлжээ.
Эх сурвалж: Reuters