CRI Монгол радио
Америкт суралцах гадаад оюутан 18%-иар буурав
Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Цагаачлал, гаалийн хэрэгжилтийн товчооны хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр 2020 онд АНУ-ын бүх түвшний сургуульд элсэн суралцах гадаад оюутны тоо 2019 оныхоос 18 хувиар буурч, 1.25 саяд хүрэв.
“Уолл Стрийт Журнал” 20-ны өдөр энэхүү статистик тайлангаас иш татан мэдээлэхдээ, энэхүү үзэгдлийн гол шалтгаан нь АНУ-д гарч буй Ковид-19-ийн цар тахал болон АНУ-ын өмнөх засгийн газар цагаачид болон олон улсын оюутнуудын эсрэг олон хатуу бодлого хэрэгжүүлсэн явдал юм гэжээ.
Тус нийтлэлд тэмдэглэхдээ, энэ байдал ойрын хугацаанд сайжрах магадлал багатай, өнгөрсөн хавраас АНУ-аас олон улс оронд суугаа Элчин сайдын яам, консулын газрууд виз өгөх үйлчилгээгээ үндсэндээ түр зогсоосон тул АНУ-д суралцах хүсэлтэй гадаад оюутнууд оюутны виз авахад бэрхшээлтэй байгаа юм. АНУ-ын Төрийн департамент мэдээлэхдээ, 3-р сарын 1-ний байдлаар АНУ-аас дэлхий дахинд байгаа 223 консулын газрын 43 нь л нээлттэй хэвээр байгаа гэжээ.
Америкийн Боловсролын Зөвлөлийн ахлах ажилтан Терри Харто хэлэхдээ, улс орнуудын оюутнуудын АНУ-д суралцах эрэлт хүсэлт өндөр хэвээр байгаа боловч АНУ тэднийг хүлээн авах эсэх нь одоогоор шийдэгдээгүй асуудал юм гэжээ.