CRI Монгол радио
Цөмийн хаягдал усыг далай руу цутгах шийдвэр гаргасанд эсэргүүцэл илэрхийлэв
4-р сарын 13-нд, Японы засгийн газар Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ослоос үүссэн цөмийн хаягдал усыг далай руу цутгах шийдвэр гаргажээ. Мөн өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэл нийтэлж, Японы ойр хөрш, ашиг сонирхлын шууд холбогдох улс орны хувьд Хятад улс дээр асуудалд маш их анхаарал хандуулж байна гэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч, Фукушимагийн цөмийн осол нь өнөөг хүртэл дэлхийн хамгийн ноцтой цөмийн ослуудын нэг бөгөөд энэ нь цацраг идэвхт бодисыг их хэмжээгээр алдаж, далай тэнгисийн орчин, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө учруулж байна. ОУАЭА-ийн мэргэжлийн багийн үнэлгээний тайланд, хэрэв Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд цутгавал ойр хавийн улс орнуудын далай тэнгисийн орчин, хүн ардын эрүүл мэндэд муугаар нөлөөлөх төдийгүй, одоогоор цэвэршүүлээд байгаа бохир усанд бусад цацраг идэвхт бодис агуулж байгаа тул цаашид цэвэршүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Японы тал хаягдал усыг бүрмөсөн хоргүйжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлээгүй мөртөө дотоод гадаадын эргэлзээ, эсэргүүцлийг үл хамааран, хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй зөвшилцөлгүйгээр Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далайд цутгах нь маш хариуцлагагүй үйлдэл мөртөө олон улсын олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөрш орнуудын ард түмний амин чухал ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож буй хэрэг юм гэжээ.
Далай тэнгис бол хүн төрөлхтний хамтын өв. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ослоос үүссэн хаягдал усыг сайтар зохицуулах нь зөвхөн Японы дотоодын асуудал бус. Өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, олон улсын хамтын нийгэмлэг, хөрш орнууд болон өөрийн орны иргэдийн амьжиргааны асуудалд анхаарал хандуулахыг Японы засгийн газарт хатуу шаардаж байна. Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг сайтар зохицуулж, улс орнууд болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай зөвшилцөж, тохиролцоонд хүрэхээс өмнө хаягдал усыг дураараа зайлуулж болохгүй юм. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, цаашид хариу арга хэмжээ авах эрхээ нөөцлөх болно гэж хэвлийн төлөөлөгч онцолжээ. \Ренчинсоо\