Дэлхий
НҮБ-ын Хүнсний Хөтөлбөрийн захирал 42 сая хүний амийг аврахын тулд дэлхийн баячуудаас $6 тэрбумыг гуйв
НҮБ-ын Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли өнгөрсөн Мягмар гарагт CNN сувагт ярилцлага өгөхдөө дэлхийн баячууд хөрөнгөөсөө багахан хэсгийг хандивлавал 42 сая хүний амийг аврах боломжтой байгаа талаар хэлжээ.
“Засгийн газруудад боломж алга. Тиймээс тэрбумтнууд ганцхан удаа гараа сунгах цаг ирээд байна. Зургаан тэрбум ам.доллар өгвөл өлсгөлөнгийн улмаас амиа алдахын ирмэгт байгаа 42 сая хүнийг шууд аврах боломжтой. Энэ тийм хэцүү зүйл биш. Би тэднээс өдөр бүр, сар бүр, жил бүр ингээч гэж гуйгаагүй” гэж Бисли тайлбарласан байна.
Энэ оны тавдугаар сард НҮБ-аас гаргасан тайланд 2020 онд дэлхий даяар 155 сая хүн хоол хүнсний ноцтой хомсдолд байгаа талаар дурдсан байдаг.
Бислигийн хэлснээр тэднээс 42 сая нь хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа ажээ.
Өлсгөлөнгийн аюулд дайн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, коронавирусийн цар тахал нэрмээс болж буйг Бисли бас хэлсэн байна.
Зөвхөн цар тахлын үед Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын хөрөнгийн хэмжээ $6 тэрбумаас илүү хэмжээгээр өссөн, Тесла, SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө саяхан нэг өдрийн дотор $6 тэрбумаар өссөн тухай Бисли яриандаа дурджээ.
Лхагва гарагийн байдлаар Маскийн хөрөнгийн хэмжээ $253.8 тэрбум, Безосын хөрөнгийн хэмжээ $196.1 тэрбум байгааг Форбс сэтгүүлийн тооцоо харуулж байна.
Дэлхийн хамгийн баян хүмүүс болох тэд үүсгэн байгуулсан компанийнхаа хувь эзэмшлээс ийм хэмжээний хөрөнгөтэй болоод байгаа.
“АНУ-ын топ 400 тэрбумтны хөрөнгийн нийлбэр хэмжээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд $1.8 их наядаар өссөн. Би энэ өсөлтийн ердөө 0.36 хувийг гуйж байгаа юм. Би мөнгө олж байгаа хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ хэрэгцээтэй хүмүүст ганцхан удаа туслах цаг ирээд байна” гэж Бисли ярьжээ.
Тэр бас хүссэн тэрбумтныг бодит байдалтай газар дээр нь танилцуулахаар дагуулж аялахад бэлэн байгаагаа ярилцлагынхаа үеэр илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Business Insider