Дэлхий
Цагаачдын асуудлаас болж Европын холбоо Беларусийн эсрэг 5 дахь багц хоригоо тавихаар боллоо
Европын холбоо цагаачдын асуудлыг хурцатгаж буй Беларусийн эрх баригчдын эсрэг тав дахь багц хориг арга хэмжээ тавихаар шийдэж, ойрын өдрүүдэд хэрэгжүүлэхээр болжээ. Дээрх шийдвэрийг Брюссель хотноо болсон Европын холбооны Зөвлөлийн хуралдаанаар гаргасан байна.
Европын холбооны Гадаад бодлого хариуцсан комиссар Жозеп Боррель “Бид шинэ багц хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Одоо тав дахь нь болж байна. Ойрын өдрүүдэд хэрэгжүүлэх болно” гэж хэвлэлийн хурлаар онцолжээ.
Тэрээр, “Европын Холбооны хилийг тодорхой шалтгааны улмаас нээсэн. Та Европын Холбооны шаардлагыг биелүүлж, хууль ёсны дагуу л нэвтрэх боломжтой” гэв.
Европын холбоо руу хууль бусаар цагаачдыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж буй хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авах журмыг Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар баталжээ.
Европын Холбоо агаарын тээврийн компаниудыг уг хоригт оруулж, Минск руу хийх нислэгийн тоог багасгах эсвэл зорчигчдыг илүү нухацтай шалгах ёстой гэж үзжээ. Үгүй бол ЕХ шинэ механизмын үндсэн дээр хориг арга хэмжээ авна гэв.
Ирландын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд Саймон Ковенийн хэлснээр Минскийн эсрэг тохиролцсон хориг арга хэмжээнд Беларусийн “Белавиа” агаарын тээврийн компанитай байгуулсан лизингийн гэрээг цуцлах зэрэг арга хэмжээ багтсан байна. Энэ компанийн онгоцнуудын талаас илүү хувь нь зээлтэй байгаа аж. Коувенийн хэлснээр “Белавиа” Ирландын компаниудаар дамжуулан 17 онгоц зээлээр худалдан авчээ.
Эх сурвалж: ТАСС