Дэлхий
Австри улс хатуу хөл хорио тогтоож, иргэдээ вакцинжуулалтад албадан хамруулахаар болов
Европ тивийн орнуудаас цар тахлын ээлжит давлагаанд хамгийн их нэрвэгдээд байгаа Австри улсын засгийн газар вирусийн тархалтыг хязгаарлах хатуу арга хэмжээ авахаар болсноо Баасан гарагт зарлажээ.
Тус улсад долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн 100,000 хүн тутамд ногдох халдварын тохиолдол 971.5 байгаа нь Европ тивдээ өндөрт орох үзүүлэлт юм.
Даваа гарагаас эхлэн Австри даяар хөл хорионы хатуу дэглэм тогтоохоор болсон байна. Уг хорио 10 хоног үргэлжлэх ба тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дахин 10 хоног сунгах эсэхийг шийдэхээр болжээ.
Гэхдээ хөл хорионы нийт хугацаа гурван долоо хоногоос хэтрэхгүйг Австрийн канцлер Александер Шалленбэрг амласан байна.
Австри улс энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийн гэрээсээ гадуур зорчих эрхийг хязгаарлаад байгаа. Хатуу хөл хорионы хугацаа дууссан ч энэ хязгаарлалт хэвээр үргэлжлэх юм байна.
Үүнээс гадна ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг сайн дурын биш, албадлагын чанартай болгох шийдвэрийг өчигдөр зарлажээ.
“Бид вакцины ач холбогдлыг хангалттай олон хүнд ойлгуулж чадсангүй. Хүмүүсийг ухуулж сэнхрүүлж чадна гэдэгтээ найдаж, удаан хугацаанд хүлээлээ” гэж канцлер Шалленбэрг гаргасан шийдвэрээ зөвтгөн тайлбарласан байна.
Баруун Европын орнуудаас вакцинжуулалтын хурдаар Австри улс сүүл мушгиж байгаа. Сүүлийн байдлаар тус улсын хүн амын 65 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.
Эх сурвалж: BBC