Дэлхий
Их Британид шинээр баригдах барилга бүр цахилгаан автомашины цэнэглэгчтэй байна
2022 оноос эхлэн Англид баригдах шинэ барилга бүр заавал цахилгаан автомашины цэнэглэгчтэй байх хууль батлагдах гэж байгааг Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр бизнесийнхэнтэй уулзахдаа мэдэгджээ. Үүнд орон сууцнаас эхлээд оффис, үйлчилгээний зориулалттай бүх барилгууд хамрагдах гэнэ.
Шинэ хууль хэрэгжиж эхэлбэл жил бүр 145,000 цэнэглэгч станц нэмэгдэх тооцоо гарсан байна.
Их Британи улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд 2030 оноос эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашины борлуулалтыг хориглохоор төлөвлөжээ.
“Бид өмнөх шигээ амьдарч болохгүй чухал шилжилтийн цаг үе ирж байна. Бид эдийн засгаа ногоон аж үйлдвэрийн хувьсгалд нийцүүлэх шаардлага тулгарлаа. Бид шинжлэх ухаан, шинэ технологид асар их хөрөнгө оруулснаар уг шилжилтийг хийж чадна” гэж CBI (Confederation of Business Industry) жил тутмын чуулганд оролцохдоо Борис Жонсон хэлсэн юм.
Одоогоор Британи даяар цахилгаан хөдөлгүүрт автомашины 25,000 орчим цэнэглэгч станц байгаа ажээ. 2030 он гэхэд үүнээс 10 дахин олон станц хэрэгтэй болохыг судлаачид тооцоолсон байна.
Эх сурвалж: AFP