Дэлхий
Тажикистаны ерөнхийлөгч охиноо Их Британид элчин сайдаар томилжээ
Тажикистан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон өчигдөр гурав дахь охиноо Их Британи улсад суух элчин сайдаар томилжээ.
1992 оноос хойш тус улсыг тасралтгүй удирдаж байгаа Рахмон есөн хүүхэдтэй бөгөөд тэдний ихэнх нь төр засгийн өндөр албан тушаал хашдаг. Бас Тажикистаны хамгийн ашигтай бизнесийн салбаруудад ерөнхийлөгчийн хамаатан саднууд нөлөөгөө тогтоосон байдаг.
Элчин сайдаар томилогдсон охин Рухшона Рахмановаг ерөнхийлөгч эцэг нь 2016 онд гадаад явдлын яамны өндөр албан тушаалд томилж байжээ.
Түүний нөхөр Шамсулло Сохибов гэр бүлийн нөлөөгөө ашиглан бизнес хийж, асар их баяжсан гэгддэг. Рахмоны 34 настай хүү Рустам одоо нийслэл Душанбе хотын захирагч, Тажикистаны парламентын доод танхимын даргын албыг зэрэг хашдаг юм.
Ерөнхийлөгчийн бас нэг охин Озода Рахмон эцгийнхээ тамгын газрын даргын албыг хашдаг бол түүний нөхөр Жамолиддин Нуралиев төв банкны тэргүүн дэд захирлаар ажилладаг ажээ. Тажикистан нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас хамгийн ядууд тооцогддог улс юм.
Эх сурвалж: Radio Free Europe