Улс төр
Б.Болор-Эрдэнэ: Ирэх онд 100 орчим байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “E-Mongolia систем 600 үйлчилгэээтэй болсон. Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг 94,000, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг 50,000 гаруй удаа авсан байна. Компани, төрийн бус байгууллагуудыг E-Mongolia системийг ашиглан байгуулдаг болсон. Хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээд байгуулагдсан.
Манай багийн хувьд орон нутагт ажиллаж байгаа. Найман аймгийн 498 үйлчилгээг орон нутагт оруулсан. E-Mongolia систем 6.5 сая үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр үйлчилгээний 56 хувийг Улаанбаатарт 44 хувийг орон нутагт үзүүлсэн. E-Mongolia системээс лавлагаа тодорхойлолт авахад хоёр минут зарцуулж байна.
Иргэдийн хувьд E-Mongolia системд оруулах үйлчилгээтэй холбоотой 800-1,200 санал хүсэлт ирүүлдэг. Тус системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн. Энэ оны аравдугаар сарын 1-нд E-Mongolia-2-ыг байгуулсан.
2022 онд 100 гаруй байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна. Орон нутагт байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлж хүрч ажиллахыг зорилт болгон ажиллаж байгаа. Ирэх жил 21 аймгийн 1,200 гаруй үйлчилгээг оруулна. Шуудангийн үйлчилгээг сайжруулна.
Эрх зүйн орчныг бүрдүүлсэн таван багц хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан” гэлээ.