Засгийн газар
Б.Батцэцэг: Айлчлалын хүрээнд ЗУРГААН САЙД ажиллаж, найман баримт бичигт гарын үсэг зурлаа
Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр /2021.12.17/ өндөрлөж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүн болсныхоо дараах анхны айлчлалаа ОХУ-д хийж байгаа нь тус улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм. Хоёр улс хооронд диплоамат харилцаа тогтоосны 100 жилийн ойг жилийн турш тэмдэглэсэн. Нийт 92 арга хэмжээг хоёр талдаа хэрэгжүүлсэн. Үүнийгээ дүгнэн Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байгаа нь хоёр талдаа өндөр ач холбогдолтой юм. Халдварын нөхцөл байдал гээд төрийн ямар ч айлчлал хэрэгжихгүй байгаа. Гэсэн хэдий ч айлчлалын маань агуулга төрийн айлчлалын хэмжээнд болж өнгөрлөө.
Үндсэндээ айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалт ач холбогдолтой болсон. Шинэ зуунаа шинэ хувьсгалаар харилцан адилаар яаж хөгжүүлэх вэ, хүн хоорондын харилцааг яаж хадгалж, үргэлжлүүлэх вэ зэрэг асуудлыг хөндөж, бүх түвшинд тодорхой болголоо. Айлчлалын хүрээнд Засгийн газрын зургаан гишүүн ажиллаж байна. Салбар салбарынхаа сайд нартай уулзаж, зарим нэг баримт бичигт гарын үсэг зурсан. Нийт найман санамж бичигт гарын үсэг зурлаа. Миний хувьд бэлтгэл ажлыг маш сайн хангасан, тэгж ч дүгнэхээр байна. Хоёр тал бэлтгэл ажлыг сайн хангасан болохоор ямар нэгэн үл ойлголцол гараагүй, маш сайхан үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байна” хэмээн ярилаа.