Дэлхий
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчтэй уулзлаа
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлантай МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан уулзлаа.
Суурин төлөөлөгч Коуасси-Комлан нь 2021 оны 11 дүгээр сараас Монгол Улсад шинээр томилогдсон бөгөөд уулзалтын үеэр хоёр байгууллагын хэрэгжүүлдэг үйл ажиллагаа, чиг үүрэг, өмнөх хамтын ажиллагааны талаар харилцан танилцаж, цаашид хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Уулзалт Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг боловсруулан гаргахаас өмнө болсноороо ач холбогдолтой байлаа.
Энэ үеэр хүүхдийн эрхийг хамгаалахад бизнесийн салбарын оролцоо, бизнесийн ёс зүй, залуучуудын гарааны бизнес, шинэ технологи санаачлагыг дэмжих, урамшуулах зэрэг олон асуудлуудаар санал солилцов.
Уулзалтын дүнд ирэх 1 дүгээр сард дээрх тодорхой асуудлуудаар дунд шатны түвшинд дахин уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тогтлоо.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээл, эх хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн хэвийн өсөлт бойжилт, боловсрол, хүүхэд хамгаалал, цэвэр усны хангамж, системийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Мөн НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улс Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрүүдэд хамрагдахад идэвх чармайлт гарган ажиллаж, томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ.