Covid-19
Сүүлийн долоо хоногт дэлхий даяар Covid-19 халдварын тохиолдол эрс өссөн ч нас баралт буурсныг ДЭМБ мэдээллээ
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Омикрон хувилбарын нөлөөгөөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 71 хувиар өссөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.
Харин ижил хугацаанд нас барсан хүний тоо буурсан нь нааштай үзүүлэлт болсон байна.
“Өнгөрсөн долоо хоногт цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдлээ” гэж хэлсэн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вирусийн шинэ хувилбарын тархалтыг цунамитай зүйрлэжээ.
Тодруулбал сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар 9,520,488 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ижил хугацаанд 41,178 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан нь өмнөх долоо хоногийн 44,680 эндэгдлээс буурсан үзүүлэлт болжээ.
Хэдийгээр Омикрон хувилбар вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийг хүндээр өвчлүүлэхгүй байгаа ч анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг доктор Гебрейесус улс орнуудад уриалсан байна.
“Хүндрэл бага байгаа нь санаа амрах шалтгаан биш. Өмнөх хувилбаруудын нэгэн адил Омикрон нь хүмүүсийг эмнэлэгт хэвтэх, нас барахад хүргэсээр байна. Халдварын асар том цунами хурдтай тархаж байгаа нь дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн системд хүнд сорилт болж байна” гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн халдвар тархалт дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй байсан байна. Тухайлбал өмнөд, умард Америк тивүүдэд хоёр дахин өссөн бол Африк тивд ердөө 7 хувиар өсжээ.
Эх сурвалж: Associated Press