Нийгэм
Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисны дараа боомтуудыг хэвийн горимд оруулах, цагийг уртасгах боломжтойг Хятадын тал мэдэгджээ
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт энэ сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болов.
Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Лин нар төлөөлөгчдийг тэргүүлэн оролцлоо.
Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтын халдвар хамгаалал, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт өгч, боомтуудын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.
Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн хятадын талаас 2021 оны 11 дүгээр сард ирүүлсэн хариуцан зохион байгуулах үйл ажиллагааны жагсаалтын хэрэгжилтийг тус бүрээр нь танилцуулав.
Мөн монголын тал Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтын чиглэлээр улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын цэгийг тогтоохтой холбогдуулан хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд ноот бичиг солилцох замаар баталгаажуулах саналаа танилцууллаа. Хятадын тал энэ асуудлаар ноот бичиг солилцохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монголын талаас дэвшүүлсэн зарим боомтоор газрын тос, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэрэг онцгой ачаа барааг хилээр нэвтрүүлэх, ачааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан юм. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа сайтар сахин хамгаалсны дараа боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, цагийн хуваарийг уртасгах боломжтойг мэдэгдлээ гэж ГХЯ-наас мэдээллээ