Энтертайнмент
Усан бар жилд зориулсан тууль хайлах ёслол боллоо
Билгийн тооллын XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан баатарлаг тууль хайлах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд боллоо.
Монгол Улсын Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тууль хайлах зан үйл болон “Наран хөвгүүн хаан” туулийн талаар товч танилцуулав.
Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж нар “Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа.
“Наран хөвгүүн хаан” туулийг зуд турхан, ган гачиг, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байх, хүн, мал өсөж үржих, айл өрхөд үрийн заяа хайрлахыг ерөөж хайлдаг юм.
Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангайг хайлж магтдаг учиртай. “Наран хөвгүүн хаан” туулийг зуд турхан, ган гачиг, дайн дажингүй, өнө тарган, энх амгалан байх, хүн, мал өсөж үржих, айл өрхөд үрийн заяа хайрлахыг ерөөж хайлдаг юм.
Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлигийг Ерөнхийлөгч баталсан.
Тууль хайлах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.