Дэлхий
АНУ элчин сайдын яамаа Киев хотоос нүүлгэхээр болжээ
Украин улс дахь элчин сайдын яамаа нийслэл Киев хотоос баруун бүсийн Львов хот руу нүүлгэх шийдвэрийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр зарлажээ.
Украины хилийн орчимд Оросын цэргийн хүч хурдтай нэмэгдэж байгаа тул элчин сайдын яамны ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргаснаа тэр тайлбарласан байна.
Львов хот нь Польш улстай залгаа Украины хилээс 80 км зайтай оршдог.
Киев дэх элчин сайдын яамныхаа ихэнх ажилтныг Украинаас гаргах шийдвэрийг АНУ-ын тал өмнө нь гаргасан юм.
Элчин сайдын яамыг нүүлгэснээр Украины засгийн газрыг дэмжих АНУ-ын гадаад бодлого өөрчлөгдөхгүй, хэвээр үргэлжлэхийг Энтони Блинкен мэдэгджээ.
АНУ тэргүүтэй NATO-гийн холбоотнууд ОХУ-ын цэрэг Украин руу халдан довтлоход бэлэн болоод байгааг анхааруулсаар байна.
Харин ОХУ-ын эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа. Гэхдээ тус улсын 100,000 гаруй цэрэг болон их хэмжээний зэвсэг техник Украин улсын умард, өмнөд, дорнод гурван талд байрлаж, байлдааны сургуулилалт явуулсаар байна.
Эх сурвалж: Reuters